Аллагад өртсөн хохирогчдын тоо өссөөр байна

Өнгөрсөн ням гарагийн орой Лас-Вегас хотын оршин суугч 64 настай Стивен Пэддок гэгч “Mandalay Bay“зочид буудлын 32 дугаар давхарт байхдаа хөгжмийн наадамд оролцогчид руу автомат буугаар гал нээж, дараа нь амиа хорложээ. Сүүлчийн мэдээгээр энэ хэргийн улмаас 59 хүн амь үрэгдэж, 527 хүн шархадсан байна.

Тэрээр халдлагыг үйлдэхээсээ өмнө 30 гаруй нэгж зэвсэг худалдан авчээ. Цагдаагийн төлөөлөгчид “Fox News” сувгийн сурвалжлагчид ингэж ярьсан байна. Тэдний хэлснээр буу зэвсгийн ихэнхийг нь Калифорни мужаас худалдан авчээ. AR-10, AR-15 винтов буунд хэрэглэдэг 308 болон 224 калибрын сум худалдан авсан нь тодорхой болсон байна.

308 калибрын сумыг хандгай, баавгай зэрэг томхон амьтан агнахад хэрэглэдэг аж. Ийм сумаар зэрэгцээд зогсож байгаа хоёр хүнийг нэвт буудаж болдог байна. Харин 223 калбирын сумыг туулай, үнэг зэрэг амьтан агнахад хэрэглэдэг аж.

Энэ аймшигт хэргийг нүдээр харсан нэгэн хүн “Fox News” сувгийн сурвалжлагчтай ярилцахдаа, олон зуун удаа буун дуу гарсан. Маш ойр ойрхон буудаж байсан учир олны дунд пулематаар шүршиж байгаа юм шиг надад санагдсан гэж хэлсэн байна.

АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп Лас-Вегаст болсон аллагын улмаас амь үрэгдсэн хүмүүсийн дурсгалыг гэргий Меланьягийн хамт хүндэтгэлээ гэж РИА Новости агентлаг уламжилжээ.

Лас-Вегас хотод болсон аллага АНУ-ын түүхэн дэх хамгийн олон хүн өртсөн цуст хэрэг болж байна.

С.Инда

СЭТГЭГДЭЛ БИЧИХ