Ким Чен Уны ахын биеэс хордлогын шинж илэрчээ

БНАСАУ-ын удирдагч Ким Чен Уны алагдсан ах Ким Чен Нам хордсоныг харуулсан шинэ тэмдгийг эмгэг судлаачид түүний биеэс илрүүлсэн тухай “Malaysian Insigh” сонинд бичжээ.

Булчингийн үйл ажиллагааг хянадаг фермент болох холинэстеразын хэмжээ Ким Чен Намын биед маш бага хэмжээтэй байсан аж. Эрүүл хүнд энэ үзүүлэлт 5320-иос 12290 нэгж байдаг бол, Ким Чен Намынх 344 байжээ. Энэхүү фермент дутагдсанаар эрхтнүүдийн үйл ажиллагаа зогсоход хүрч болдогийг сонинд онцлон тэмдэглэсэн байна.

Вьетнамын 28 настай Зоан Тхи Хыонг, Индонезын 25 настай Сити Аисье гэдэг хоёр бүсгүйн хэргийг шүүх ажиллагаа Малайзын Шах-Алам хотод саяхан эхэлжээ. Хоёрдугаар сарын 13-нд тэд Куала-Лумпур хотын нисэх буудалд Ким Чхоль гэсэн нэр бүхий дипломат паспорттай БНАСАУ-ын иргэнд халдаж, VX гэдэг хүчтэй хордуулагч бодис бүхий тосыг түүний нүүрэнд түрхсэн гэж тэднийг сэжиглэж байгаа аж. Уг хоёр эмэгтэйд цаазаар авах ял оноож мэдэх гэнэ. Биднийг инээдмийн шоуны бичлэгт оролцуулахаар хөлслөсөн бөгөөд нүүрэнд нь хорт бодистой тос түрхсэн тэр хүнийг мэдэхгүй хэмээн тэд хэлсэн байна.

Ким Чен Намын амь насыг бүрэлгэсэн хэрэгт БНАСАУ-ыг сэжиглэж байгаа юм. Гэвч Пхеньяны эрх баригчид үүнийг няцааж, уг явдал нь Өмнөд Солонгост л ашигтай байсан хэмээн мэдэгддэг байна.

Ким Чен Нам, Ким Чен Ун нарын эцэг нь 2011 онд нас барсан БНАСАУ-ын удирдагч асан Ким Чен Ир юм. Харин тэдний эх өөр юм. Ким Чен Нам Макаод гэр бүлийнхээ хамт аж төрж, улс төрд оролцдоггүй байжээ.

С.Инда

СЭТГЭГДЭЛ БИЧИХ