Зөвлөлтийн сансрын хөтөлбөрийн тухай тагнуулын мэдээг ил болгожээ

АНУ-ын тагнуулын төв газар (ТТГ) зөвлөлтийн анхны хиймэл дагуулыг хөөргөж, ЗСБНХУ сансрын болон баллистик пуужингийн хөтөлбөртэй болсон тухай өнгөрсөн зууны 50-иад оны нууцлаж байсан баримт бичгийн хуулбарыг өөрийн сайтад тавьжээ.
Уг 400 хуудас 59 баримт бичиг нь зөвлөлтийн сансар, пуужингийн хөтөлбөрийн талаар Цагаан ордонд танилцуулж байсан Америкийн тагнуулын албаны илтгэл, албаны нэмэлт тэмдэглэлүүд ажээ.
Анхны хиймэл дагуул хөөргөсөн нь Вашингтоны эрх баригчдын хувьд санамсаргүй зүйл байгаагүй нь баримт бичгүүдээс харагдаж байна.
Тухайлбал, “ЗСБНХУ дэлхийн хиймэл дагуул хөөргөх боломжтой бөгөөд энэ нь 1957 оноос эхлэн цэргийн зориулалтаар ашиглаж болох эрдэм шинжилгээний мэдээ, мэдээлэл цуглуулах болно” гэж Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн хуралдаанд танилцуулсан илтгэлд өгүүлжээ.
Зөвлөлтийн анхны ПС-1 гэдэг хиймэл дагуулыг 1957 оны аравдугаар сарын 4-нд хөөргөсөн бөгөөд 83 гаруй кг жинтэй, 58 см диаметр бүхий бөмбөлөг байсан юм. Дөрвөн антенн болон зайгаар ажилладаг дамжуулагч бүхий уг хиймэл дагуул 1958 оны нэгдүгээр сарын 4 хүртэл амжилттай нисч, дэлхийг 1440 удаа тойрчээ.
С.Инда
СЭТГЭГДЭЛ БИЧИХ