Ерөнхийлөгчийн ордноос БНАСАУ-ын ухуулах хуудас олджээ

Өмнөд Солонгосын ерөнхийлөгчийн албан ёсны өргөөний хашаанаас Умард Солонгосын суртал нэвтрүүлгийн ухуулах хуудас олдсон байна. Энэ талаар хөх ордны аюулаас хамгаалах албаны мэдэгдлийг иш татан Ёнхап агентлаг даваа гарагт мэдээлжээ.

БНСУ, АНУ-ын цэргийн хамтын ажиллагааг шүүмжилсэн ухуулах хуудсыгерөнхийлөгчийн өргөөний хашаа болон ойр хавийн гудамжнуудад хаясан байна. Ухуулах хуудсыг агаарын бөмбөлөг юмуу дрон ашиглан хаясан байх хэмээнтаамаглаж байгаа ажээ.

Энэ нь ерөнхийлөгчийн өргөөний хашаанд ухуулах хуудас амжилттай хаясан анхны тохиолдол болохыг тэмдэглэж байна.

БНАСАУ-ын үйлдлийг олны өмнө сайшаахыг Өмнөд Солонгост эрүүгийн гэмт хэрэг гэж үздэг юм.

Энх амьдрал цогцлоох замд хөндөлсөх бүх дайсныг устгахад БНАСАУ бэлэн байна гэж Умард Солонгосын парламентын дэд дарга Ан Дон Чхун мэдэгджээ.

АНУ-тай шууд хэлэлцээ хийхэд БНАСАУ бэлэн эсэх тухай сэтгүүлчдийн асуултад тэр хариулахдаа,“манай орон энх тайван ирээдүйг хүсдэг. Тиймээс үүнд саад хийхээр санаархаж буй дайснуудыг устгахад бид бэлэн байна” гэжээ.

Ан Дон Чхун Санкт-Петербургт Олон улсын парламентын холбооны ассамблейд Умард Солонгосын төлөөлөгчдийг тэргүүлж оролцсон юм.Тэрээр сэтгүүлчдийн бусад асуултад хариулахаас татгалзсан байна.

С.Инда

СЭТГЭГДЭЛ БИЧИХ