"Каталонийн засгийн газрыг бүхэлд нь огцруулна" гэв

Испанийн засгийн газар Каталонийн автономит мужийн асуудлаар бямба гарагт шуурхай хуралджээ. Ийнхүү автономит мужийн өөрөө удирдах ёсыг хязгаарлах боломж олгож буй Үндсэн хуулийн 155 дугаар зүйлийг хэрэглэхээр шийдвэрлэсэн байна гэж РИА Новости агентлаг мэдээлжээ.

"Төв засгийн газар Каталонийн засгийн газрыг бүхэлд нь огцруулж, зургаан сарын хугацаанд багтаан парламентын сонгууль явуулна" гэж ерөнхий сайд Маргиано Рахой зарлав. Ингэхдээ "Испанийн засгийн газарт 155 дугаар зүйлийг хэрэглэх хүсэл, бодол байгаагүй ч, хэрэглэхээс өөр аргагүйд хүрсэн юм" гэж тэрээр онцлон тэмдэглэсэн байна.

Каталонийн автономит эрхийг хязгаарлахгүй, харин хуулийн хүрээнээс давж гарсан засгийн газрыг л огцруулна гэж Рахой тайлбарлажээ. "Үндсэн хуулийн шүүх хориглосон хэдий ч, энэ бүс нутагт нийт ард түмний санал хураалт явуулсан юм" гэж тэр хэлсэн байна.

“Бидэнд дөрвөн зорилт тулгарч байна. Нэгд, эрх зүйн орчинд буцаж орох. Энэ нь Испанийн үндсэн хууль болон Каталонийн автономын тунхаглалд буцаж орно гэсэн үг юм. Хоёрт, Каталонитай хамтран аж төрөх, харилцан ажиллах явдлыг сэргээх. Гуравт,эдийн засгийн харилцааг сэргээх. Дөрөвт,сонгууль явуулах” гэж ерөнхий сайд хэлсэн байна.

Рахойн засгийн газар Каталонийн засгийн газрын дарга, орлогч дарга болон зөвлөхүүдийг албан тушаалаас нь огцруулна гэдгийг хэвлэлд дурджээ. Гэвч ийм шийдвэрийг хүчинтэй болгохын тулд үүнийг сенат сайшаах ёстой.

Каталонийн засгийн газрыг огцруулах эдийн засгийн шалтгаан ч бий гэж төв засгийн газрын дарга бас мэдэгдсэн байна. Тодруулвал, олон компани Каталониас гарч явж, ингэснээр хөрөнгө оруулалт буурчээ.“Хэрвээ Каталони тусгаар тогтновол, Европын холбоо, Дэлхийн худалдааны байгууллагаас гарч,гурав дахь ертөнцийн орон болж,улмаар янз бүрийн татвар төлж, худалдааны хяналтын системд хамрагдана, гэтэл худалдаа нь Каталонийн хувьд нэн чухал юм” гэж Рахой хэлжээ.

Каталонийн өөрөө удирдах ёсыг хүчингүй болгосон тохиолдолд тус автономит муж тусгаар тогтнолоо гарцаагүй зарлана гэж Каталонийн тэргүүн Карлес Пучдемон түрүүнд нь мэдэгдсэн юм.

Тэр Үндсэн хуулийн 155 дугаар зүйлийг хэрэглэхаээр шийдвэрлэсний хариуд авч болох арга хэмжээг хэлэлцэхийн тулд автономитмужийн парламентыг хуралдуулахыг уриалсан байна.

С.Инда

СЭТГЭГДЭЛ БИЧИХ