Собчакийн сонгуулийн ажлыг Игорь Малашенко удирдана

Телевизийн хөтлөгч Ксения Собчакийн сонгуулийн штабыг улс төр судлаач, телевизийн НТВ сувгийг үндэслэгчдийн нэг Игорь Малашенко удирдахаар болжээ. Энэ талаар Собчак хэвлэлийн хурал дээрзарласныг РИА Новости агентлаг мэдээлсэн байна.

“Хэрвээ та бүхэн санаж байгаа бол тэр 1996 онд Борис Ельциний сонгуулийн штабын удирдагчдын нэг байсан” гэж телевизийн хөтлөгч хэлжээ.

Оросын ерөнхийлөгчийн сонгуулийн кампанит ажил ирэх 12 дугаар сард эхлэх бөгөөд сонгууль 2018 оны гуравдугаар сард болох юм.

Ельциний охин Татьяна Юмашевагийн ярьснаар, 1996 оны сонгуулийн өмнө түүний эцгийн сонгуулийн кампанид ажилд Малашенко олон нийтийн хэрэгслүүдтэй ажиллах асуудал, мэдээллийн бодлогыг хариуцаж байжээ.

"Аав маань 1996 оны сонгуульд ялмагцаа Игорь Малашенког өөрийнхөө тамгын газрын тэргүүн болохыг санал болгож байсан. Тэр түүнийг ингэж өндрөөр үнэлсэн юм” гэж Татьяна Юмашева өөрийн блогт бичсэн байна.

Ксения Собчак Крымд Оросын явуулсан ажиллагааг хуль бус гэж үзсэн тухайгаа мягмар гарагт хийсэн хэвлэлийн хурал дээр илэрхийлсэн байна.

“Олон улсын эрх зүйн үүднээс Крым бол Украиных. Бид өөрийн амлалтыг зөрчиж 1994 оны Будапештийн меморандумыг зөрчлөө” гэж Собачак хэлжээ.

Энэ байдал нь асуудлыг цаашид хэлэлцэж, харилцан буулт хийх арга сүвэгчлэхийг шаардаж байна гэж тэрээр онцлон тэмдэглэсэн байна.

Ксения Собчак Оросын ерөнхийлөгчийн албан тушаалд нэрээ дэвшүүлснийгээ тус орны одоогийн удирдлагын бодлогыг зөвшөөрөхгүй байгаагаа илэрхийлэх арга болгон ашиглаж байна гэж аравдугаар сарын 20-нд мэдэгдсэн юм.

“Нэгдмэл Орос” намаас улсын думийн депутатаар сонгогдсон Наталья Поклонская Крымыг “Украины нутаг дэвсгэр” хэмээн Ксения Собчакийн мэдэгдсэнийг хүмүүс болон өөрийн эх орныг хүндэтгэхгүй байгаа хэрэг гэж тодорхойлжээ. "Крымын статусыг хэлэлцэх учиргүй. Крым, Севастополь бол Оросын нутаг гэдгийг мэддэггүй хүн бий гэж үү"хэмээн Поклонская РИА Новости агентлагийн сурвалжлагчид хэлсэн байна.

Телевизийн хөтлөгч Крымын тухай хэлсэн үгийнхээ төлөө эрүүгийн хариуцлага хүлээж болох эсэх талаар Оросын хуульчдын санаа бодол зөржээ. Түүний хэлсэн үг нь санаа бодлоо илэрхийлэх эрх чөлөөний илрэл төдий юм гэж зарим шинжээч үзэж байгаа бол, бусад нь хэрвээ Собчакийн үгнээс салан тусгаарлах үзлийн илрэл олдвол, түүнийг хариуцлагад татаж болох юм гэдгийг онцолжээ.

С.Инда

СЭТГЭГДЭЛ БИЧИХ