“Чингисийн хүүхдүүд” УСК Оскарт өрсөлдөх эрхтэй боллоо

“Чингисийн хүүхдүүд” уран сайхны кино 90 дэх удаагийн Оскарын шагналд өрсөлдөх эрхтэй боллоо. Тодруулбал, “Гадаад хэл дээрх кино”-ны төрөлд Монгол Улсыг төлөөлөн анх удаа албан ёсоор өрсөлдөх эрх авлаа. Энэ талаар өчигдөр тус киноны уран бүтээлчид мэдээлэл хийв. Д.Золбаярын найруулсан “Чингисийн хүүхдүүд” киног нүүдэлчин монголчуудын ёс заншлыг дэлхий дахинд сурталчлах зорилгоор бүтээсэн хэмээн уран бүтээлчид хэлж байсан юм.

Тус кино одоогийн байдлаар 10 гаруй олон улсын кино наадамд оролцох урилга аваад байгаа аж. Энэ үеэр тус киноны зөвлөх продюссер Д.Цэнгэл “90 дэх удаагийн Оскарын кино наадамд нийт 92 улсаас нэр дэвшүүлснээс Оскарын хороо Монгол Улсыг бүртгэж авсан. Оскарын шагнал гардуулах ёслол ирэх оны гуравдугаар сарын 4-нд болно. Мөн оны нэгдүгээр сар хүртэл 92 улсын уран бүтээлчид кампанит ажил явуулж таван улсын кино Оскарын “Гадаад хэл дээрх шилдэг кино” номинацид тунаж үлдэнэ.

Дэлхий дахиныг хамарсан кампанит ажил явуулж байж олон улсын шүүгчид, кино сонирхогчдын анхаарлыг татаж чадна. Манай кино оскарт албан ёсоор оролцох эрхтэй болсноо баталгаажуулж байгаа болохоос өрсөлдөх эрхтэй болсон гэсэн үг биш. Өрсөлдөх эрхтэй болохын тулд хамгийн сүүлийн таван кинонд тунаж үлдэх хүртэлх үйл ажиллагааг бид зохион байгуулах шаардлагатай” гэлээ. Мөн тус кинонд тоглосон жүжигчин Р.Анхням “Хотод амьдарч буй хүүхдүүд хөдөөний амьдралаас хөндийрсөн байдаг. Бид нүүдэлчин соёлтой учраас хөдөөний хүүхдүүд яаж амьдарч, байгаль орчинтойгоо хэрхэн зохицож чадаж байгааг энэхүү киноноос үзээсэй. Уран бүтээлчийн хувьд манай кино Монгол ахуй, ёс заншил, соёлыг дэлхийд сурталчилж чадах бүтээл болсон” хэмээв.

“Чингисийн хүүхдүүд” хэмээх эрэмгий хурдан морь унах туршлагыг бага наснаасаа хуримтлуулж ирсэн Монгол хүүхдийн ур чадварыг харуулсан бүрэн хэмжээний уран сайхны киноны зураг авалтыг өнгөрсөн оны дөрөвдүгээр сард Архангай аймгийн Цэнхэр суманд эхлүүлж жил гаруйн хугацаанд нийт нэг тэрбум 200 сая төгрөгийн төсөв зарцуулан бүтээжээ.

Уг киноны зураглаачаар Д.Ангараг, продюссерын багт гавьяат жүжигчин, дуучин Ж.Алтанцэцэг, зохиолчоор Ч.Ганзориг, Г.Буянцогт нар ажилласан бол гол дүрийг Д.Доржсамбуу, Д.Дорж, Д.Шаравдорж, Б.Батмэнд, Р.Анхням, Britanny Belt нар бүтээсэн байна.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ