“Үндэсний багш-зааварлагч бэлтгэх” сургалт эхэллээ

ИНЕГ болон Олон улсын иргэний нисэхийн байгууллагын Ази Номхон далайн бүсийн орнуудын Нисэхийн аюулгүй байдлын хамтын ажиллагааны хөтөлбөр/CASP-AP/-өөс хамтран зохион байгуулж байгаа “Үндэсний багш-зааварлагч бэлтгэх” сэдэвт сургалт Улаанбаатар хотноо эхэллээ.

ИНЕГ-аас нисэхийн аюулгүй байдлыг хангах чиглэлээр тус хөтөлбөртэй 2005 оноос хамтран ажиллаж, 2008 онд Монгол Улсад нисэхийн аюулгүй байдлын зааварлагчийн анхны сургалтыг зохион байгуулж байсан юм.

“Олон талын ач холбогдолтой энэхүү сургалтад хамрагдаж буй иргэний нисэхийн байгууллагын төлөөллүүд сургалтаас олж авсан мэдлэгтээ тулгуурлан нисэхийн аюулгүй байдлын чадварлаг боловсон хүчнийг бэлтгэхэд хувь нэмрээ оруулах учиртай” хэмээн ИНЕГ-ын Дэд дарга С.Манлай сургалтыг нээж хэлсэн үгэндээ онцоллоо.

“Иргэний нисэхийн аюулгүй байдлыг хангах асуудал дэлхийн хэмжээнд тэргүүн эгнээнд тавигдаж байна. Сүүлийн 12-18 сарын хугацаанд гэхэд л иргэний нисэхийн эсрэг хөндлөнгийн хууль бус үйлдэл удаа дараа гарав. Тухайлбал, Бельги, Турк улсын нисэх буудлуудын нийтийн эзэмшлийн бүсэд халдлага гарлаа. Олон улсын иргэний нисэхийн байгууллагын гишүүн орнууд иргэний нисэхийн аюулгүй байдлаа чангатгах, иргэний нисэхийн бичиг баримтаа улам боловсронгуй болгох, шинэ тоног төхөөрөмжид хөрөнгө оруулалт хийх, үйл ажиллагааны стандарт журмыг хэрэгжүүлэх арга хэмжээнүүдийг авч байгаа” гэдгийг тус хөтөлбөрийн зохицуулагч багш-зааварлагч Piengtep Yapan сургалтын эхэнд хэллээ.

Хөтөлбөрийн зохицуулагч багш-зааварлагч Piengtep Yapan, ИНЕГ-ын НББЗХ-ийн ахлах мэргэжилтэн, Олон улсын иргэний нисэхийн байгууллагын гэрчилгээжсэн багш-зааварлагч Б.Алтантуяа нар удирдан явуулж буй сургалт энэ сарын 14-22-ны өдрүүдэд үргэлжилнэ. Сургалтад “Чингис хаан” ОУНБ-ын аюулгүй байдлын 14 ажилтан, Бруней, Индонези улсын Иргэний нисэхийн байгууллагын аюулгүй байдлын мэргэжилтэн Mohammad Tuan, Indria Sari Purwaningrum нар хамрагдаж байна.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ