Таван настай охиныг хүчирхийлсэн хойд эцэгт 18 жилийн ял оноолоо
Өнгөрсөн аравдугаар сард таван настай охиныг хойд эцэг нь хүчирхийлсэн жигшүүрт хэрэг гарч, олныг цочирдуулсан билээ. Энэ сарын 13-ны өдөр буюу өчигдөр Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх шүүгдэгч Э.Ванданваанчигт холбогдох эрүүгийн хэргийг шүүн хэлэлцэн, гэм буруутайд тооцож, түүнд 18 жилийнхорих ял оноосон байна.
Тус шүүх хуралдаанд шүүгч С.Пүрэвсүрэн, Т.Шинэбаяр, Э.Чингис нар, улсын яллагч Н.Гэрэлмаа, шүүгдэгч, түүний өмгөөлөгч Д.Дашдорж, хохирогчийн талынхан өмгөөлөгчийн хамт оролцжээ.
Хэргийг сөхөхөд, өнгөрсөн аравдугаар сарын 14-нд таван настай Д.Х охиныг хүчирхийлсэн хэргийн талаарх мэдээ цахим сүлжээгээр цацагдсанаар холбогдох хууль, хяналтын байгууллагынхны анхааралд орж, улмаар шалгаж эхэлсэн билээ.
Шүүгдэгч Э.Ванданваанчигт Эрүүгийн хуулийн 12.1-ийн 4-д зааснаар эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж, яллах дүгнэлт үйлдэн, шүүхэд шилжүүлжээ. (Эрүүгийн хуулийн 12 дугаар зүйл. Хүчиндэх, 12.1.4-д “Энэ гэмт хэргийг бага насны хүүхдийн эсрэг үйлдсэн; энэ гэмт хэргийн улмаас хохирогч нас барсан бол арван хоёр жилээс хорин жил хүртэл хугацаагаар, эсхүл бүх насаар хорих ял шийтгэнэ” хэмээн заасан байдаг).
Эхэндээ нагац эгч нь охиныг хүчиндүүлсэн гэж мэдээгүй бөгөөд яагаад явж чадахгүй байгаа талаар хойд эцгээс нь асуухад “Гулсуураас унаад ийм болсон. Эмчид үзүүлэх гэж байгаа” хэмээн хариулсан байдаг.
Маргааш өглөө нь охиныг гэр лүүгээ дагуулж явах замдаа бие засуулж, гуяыг нь дагаад цус урссан байсныг анзаарчээ. Энэ тухай нөхөртөө хэлж, нөхөр нь охиныг шүүх эмнэлэг дээр авч очин дүгнэлт гаргуулахаар хандсан байдаг.
Нагац эгчийнх нь нөхөр охиноос юу болсон талаар асуухад “Аав согтуу орж ирээд, намайг хувцсаа тайл гээд тайлуулсан. Тэгээд б**жгойгоо хийсэн, цус гарч өвдөөд, би их уйлсан” гээд алхаж чадахгүй байжээ.
Хүчирхийлэлд өртсөн охины тухай энэ мэдээллийг анх цахим сүлжээгээр түгээсэн залуу “Охиныг шүүх эмнэлэгт ирэхэд хураамжийн 10000 төгрөг төлөхгүй бол үзлэг хийх боломжгүй гээд буцаасан” хэмээн мэдээлж, улмаар 10000 төгрөгийг нь төлж байж охинд үзлэг хийлгэсэн байдаг.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ