Жижиглэн худалдаа эрхлэгчид чуулна


Жижиглэн худалдаа эрхлэгчдийн “Их хүрээ-2018” үндэсний чуулганыг арванхоёрдугаар сарын 25-нд зохион байгуулахаар болжээ.
Энэ талаар Монголын жижиглэн худалдаа эрхлэгчдийн холбооны гүйцэтгэх захирал Э.Чулуунбаатар, Монголын жижиглэн худалдаа эрхлэгчдийн холбооны зөвлөх Д.Нарантуяа нар өнөөдөр /2017.12.14/ сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ.
Тусгаар тогтнолын ордонд болох “Их хүрээ-2018” чуулганд хот, хөдөөгийн жижиглэн бизнес эрхлэгчдийн төлөөлөл 800 гаруй хүн оролцож, тулгамдсан асуудлаа хэлэлцэх юм.
Монгол Улс зах зээлийн нийгэмд шилжээд 27 жил болсон ч худалдааг зохицуулах бие даасан хуульгүйгээр өнөөг хүрчээ. Гэтэл энэ салбарт маш олон стандарт шалгуур тавьж, хяналт шалгалтын тогтолцоо газар авч, торгуулийн систем эрчимтэй ажиллах болсноор дэлгүүрийн бизнес эрхлэгчдэд дарамт учруулах болсон байна. Иймд худалдааны бизнес эрхлэгчдийн эрх ашгийг хамгаалах, үйлчилгээний стандарт тогтоох хууль эрхзүйн орчныг боловсронгуй болгож, торгууль, урамшууллын системийг ижил түвшинд ажиллуулахыг бизнес эрхлэгчид салбарын яамдаараа дамжуулан дуу хоолойгоо төр засагт хүргэхэд энэ удаагийн чуулганы зорилго чиглэх ажээ.
Мөн хурлаар худалдааны салбарын стандарт, норм норматив болон инноваци техник технологийн дэвшлийг нэвтрүүлэх өргөн боломжуудын талаар ажил хэрэгч ярилцлагуудыг өрнүүлнэ. Бизнесээ өргөжүүлэх хөрөнгө оруулалтыг хэрхэн татах, яаж хөнгөлөлттэй зээл авах талаар Японы хөрөнгө оруулагчид үнэтэй зөвлөмжүүдийг өгч, ажил хэрэгч уулзалтуудыг зохион байгуулна хэмээн хэвлэлийн хуралд оролцогчид хэллээ.
Дээрх чуулганыг Монголын жижиглэн худалдаа эрхлэгчдийн холбоо нь “GS1 Mongolia” ТББ, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, Гадаад харилцааны яам, Нийслэлийн захирагчийн ажлын албатай хамтран зохион байгуулах аж.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ