Б.Шижирбат дөрөвдүгээр байрт шалгарлаа

"Авьяаслаг Монголчууд” шоу нэвтрүүлгийн шилдэг оролцогчдын нэг Б.Шижирбат “Авьяаслаг Азичууд” нэвтрүүлэгт амжилттай оролцож, олон нийтийн санал хураалтын дүнгээр дөрөвдүгээр байрт шалгарлаа.

Тэрбээр шоуны эхний шатанд үзүүлсэн үзүүлбэрээр “Алтан баззер”-ийн эзэн болж, хагас шигшээд өрсөлдөх шилдэг 24 оролцогчийн нэгээр шалгарсан юм. Улмаар хагас шигшээгээс олон нийтийн санал хураалтын дүнд финалын шатанд үлдэж чадсан билээ. Ийнхүү финалын шатандшалгарсан шилдгүүд /2017.12.07/-дшинэ үзүүлбэрээ үзүүлж шоу нэвтрүүлгийн журмаар ялагчийг өчигдөр орой/2017.12.14/ тодрууллаа. Тус нэвтрүүлгийн ялагчаар Индонезийн оролцогч “The Sacred Riana” нэртэй илбэчин бүсгүй шалгарч 100 мянган долларын эзэн боллоо.

Тэгвэл Монгол Улсын оролцогч Б.Шижирбат шилдэг дөрөвт шалгарсан талаараа өөрийн цахим хуудсаараа дамжуулан мэдэгдлээ. Тэр “Би дөрөвдүгээр байранд орсон. Яг үнэндээ байна шүү дээ эхний өдрөөс авахуулаад та бүхэн маань нулимсаа цийлэгнэтэл дэмжсэн, ерөөсөө надад хангалттай. Угаасаа ч анхнаасаа финал хүртэл л явбал болоо, мөрөөдлөө биелүүлэх гэж зүтгэе гэж бодож байсан юм чинь. Яалт ч үгүй надаас ч хамаарахааргүй хүн амын тоо гэдэг хэцүүхэн асуудалтай тулгарчих шиг боллоо. Гэхдээ энэ өнгөрсөн хугацаанд хөгшин залуугүй, нам харгалзахгүй, жалга довны үзэлгүйгээр #AGTVote8гэжбусад орны өрсөлдөгч нарыг айтал хашхирцгаасан та бүхэндээ дахин дахин баярлалаа” гэж бичжээ.

Ийнхүү Б.Шижирбат 'Авьяаслаг Азичууд' шоу нэвтрүүлгийг амжилттай өндөрлүүлж хэдхэн цагийн өмнө Сингапураас эх орны зүг хөдөллөө.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ