Эрдэнэтийн хувьцааг иргэддээ "эзэмшүүлсэн" 7 хоног

Өнгөрөгч долоо хоногт улс төрийн болон нийгмийн амьдралд болж өнгөрсөн зүйлсийг тоймлон хүргэж байна.
"МАХН бол нэг хүний гараар хөдөлдөг нам болсон" гэв
МАХН-ын зарим гишүүд Төрийн ордонд мэдээлэл хийлээ. МАХН-ын нарийн бичгийн дарга Г.Бямбасүрэн хэлэхдээ “Саяхан МАХН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Э.Эрдэнэжамъяан биднийг захын наймаачид, христийн шашны итгэгчид гэж хэлсэн. Ер нь биднийг дандаа гүтгэдэг. Хамтраад Их, бага чуулганаа хуралдуулъя гэхэд хүлээж авдаггүй байсан. Бид өнөөдрийг хүртэл тэвчээртэй хандаж ирсэн. Бид МАХН-ыг салгах гээгүй юм. УИХ-д суудалтай ганцхан гишүүнээ намраас хойш оролдож эхэлсэн. Хөөнө, тууна гэж ярьсаар ирсэн.
С.Эрдэнэ: Хариуцлагагүй УИХ-ыг тараана
Ардчилсан намын дарга С.Эрдэнэ болон УИХ дахь тус намын бүлгийн гишүүд УИХ-ын дарга М.Энхболд, Ерөнхий сайд У.Хүрэлсүх нарт татварын нэмэгдэл, Үндсэн хуультай холбоотой асуудлаар албан шаардлага хүргүүлж байгаагаа мэдэгдэв. Тэд “МАН 2016 оны бүх шатны сонгуульд оролцсон мөрийн хөтөлбөртөө “Таны амьдралын үе шат бүрд зориулсан бодлогыг хэрэгжүүлж, татвар нэмэхгүй, шинэ төрлийн татвар бий болгохгүй, цалин, тэтгэврийг нэмнэ” гэж тусгасан. Гэтэл амласан бүхнийхээ эсрэг ажиллаж, ард иргэдийг татварын дарамт, инфляци, валют, өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнийн өсөлтөөр туйлдуулах бодлого хэрэгжүүлсэн. Хэрэв шаардлагад хариу өгөхгүй бол тэмцлийн хэлбэрт шилжиж, үндэсний хэмжээний жагсаал, цуглаан зохион байгуулна. Хариуцлагагүй УИХ-ыг тараана” гэлээ.
"Эрдэнэт үйлдвэр"-ээс иргэдэд хувьцаа эзэмшүүлнэ
Засгийн газрын ээлжит хуралдаанаар “Эрдэнэт” үйлдвэрийг хувьцаат компани болгох, тодорхой хувийг иргэдэд давуу эрхийн хувьцаа болгон эзэмшүүлэх шийдвэр гаргажээ. Дээрх шийдвэрийг хэрэгжүүлэхтэй холбогдуулж эхлээд “Эрдэнэт” үйлдвэрт олон улсын аудит оруулж, үнэлгээ хийлгэн, үнэ цэнийг нь тодруулах зэрэг ажлыг хийх аж. Үндсэндээ 10 гаруй ажлыг хийх даалгавар өгөгдөж буй юм байна. Дараа нь энэ асуудлыг Засгийн газар УИХ-д оруулж, эцэслэн шийдүүлэх аж.
Сайншандын "Аж үйлдвэрийн цогцолбор”-ыг татан буулгана
Засгийн газрын хуралдаанаар /2018.01.10/ Сайншандын 'Аж үйлдвэрийн цогцолбор”, “Монгол тариалан корпораци”, “Монгол мах корпораци”, “Монгол тамга”, “Авто замын тоног төхөөрөмжийн түрээс” төрийн өмчит үйлдвэрийн газруудыг татан буулгахаар шийдвэрлэлээ. Дээрх газрууд байгуулагдсанаасаа хойш үйл ажиллагаа явуулаагүй, их хэмжээний өртэй, санхүү, хөрөнгийн эх үүсвэргүй зэрэг үндэслэлээр Засгийн газар дээрх шийдвэрийг гаргажээ.
"ЗГ-ын байр сууринаас гажсан юм ярьвал хатуу хариуцлага тооцно"
Уул уурхайн дэд сайд Д.Загджав Оюу толгой ХХК-ийн үйл ажиллагаатай холбоотой өөрийн байр суурийг хэвлэл мэдээллээр илэрхийлээд буй. Тэгвэл Уул уурхайн яамнаас зохион байгуулж буй хэвлэлийн бага хурлын үеэр сайд үзэл бодлоо илэрхийлэв.
Уул уурхайн сайд Д.Сумъяабазар "Энэ нь Засгийн газар, яам, сайдын байр суурь биш. “Оюу толгой" компанид худалдагдаж ажиллаж буй маш олон хүн байдаг. Мэдээ мэдээллийг зөөдөг, Засгийн газрын боловсруулсан материалыг зөөж, өөрсдийгөө худалддаг олон хүн байдаг юм шүү. Наана нь асуудлыг бужигнуулдаг, нийгмийн сэтгэл зүйг бужигнуулдаг зүйл манай улсад их байдаг. Д.Загджавын асуудал бол хувийн л асуудал байх. Ер нь цаашид Засгийн газрын байр сууринаас гажсан юм ярьвал хатуу хариуцлага тооцно. МАН тавьж чаддаг бол авч чаддаг байх ёстой. Дэд сайд нь шал өөр, бодлогын эсрэг зүйл яриад явбал бүтэхгүй” гэв.
Ж.Батзандан: Нийслэлийн Засаг даргыг иргэд нь сонгодог байя
УИХ дахь Ардчилсан намын бүлгээс өнөөдөр “Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл”-ийн талаар нээлттэй хэлэлцүүлэг зохион байгууллаа. Энэ үеэр УИХ-ын гишүүн Ж.Батзандан "Энэ хууль хууль зүйн техникийн агуулгаараа маш нуршуу шаардлага хангаагүй. Нийслэлийн Засаг даргыг иргэдийн төлөөлөгчдөөс томилдог энэ тогтолцоо хэр оновчтой юм бэ. Томоохон олон хотууд Засаг даргаа иргэдээсээ шууд сонгож байгаа. Тиймээс энэ тогтолцоо руу шилжих нь зөв гэж харж байгаа. Учир нь ард түмнээс сонгогдсон Засаг дарга илүү сайн ажиллаж чадн” гэлээ.
С.Жавхлан: УИХ-д олон удаа сонгогдсон гишүүд ичих хэрэгтэй
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Агаарын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн бусад хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийж, гишүүдийн 63.8 хувийн саналаар дэмжин баталлаа. Энэ үеэр УИХ-ын гишүүн С.Жавхлан "Бушуу туулай борвиндоо баастай. Хавар, зун, намар гээд гурван улирал байгаа. Энэ асуудлаа урьдчилаад ярьдаггүй. Утаа дуусах үеэр бүгд хашгираад хэлэлцээд эхэлдэг. Утааг бууруулна гээд зуухнаас эхлээд шахаа наймаа хийгээд арилжаа болгосон хүмүүсийн тайланг нээлттэй сонсмоор байна. Ажил их хийсэн гэдэг ч утаа нэмэгдсэнээс буураагүй. Олон удаа УИХ-д сонгогдсон гишүүд ичих хэрэгтэй” гэв.
Нийгэмд
Татварын нэмэгдлийг эсэргүүцэж 10,000 иргэн жагсав
МҮЭХ-ны гишүүн байгууллагууд, дэмжигчдийн зүгээс татварын нэмэгдлийг эсэргүүцсэн жагсаалыг Д.Сүхбаатарын талбайд зохион байгууллаа. Уг жагсаалд 10 мянга орчим хүн оролцож байгаа бөгөөд тэтгэврийн насыг нэмэгдүүлэхийг цуцлах, долоон төрлийн татвар, НДШ-ийг нэмэгдүүлэх зэргийг цуцлахыг шаардлаа. Цаашид бүх аймгуудад уг жагсаалыг үе шаттайгаар зохион байгуулахаар төлөвлөжээ.
"Утааны асуудлыг улстөржүүлэлгүй урагшлуулмаар байна" гэв
Bloomberg TV Mongolia телевизийн санаачилсан “Утаагүй Улаанбаатар” форум боллоо. Энэ үеэр БОАЖ-ын сайд Н.Цэрэнбат “Сүүлийн гурван жилд энэ чиглэлд дунджаар 5 тэрбум төгрөг төсөвлөсөн. Үүнээс 3.3 тэрбум төгрөг нь шөнийн цахилгааны тариф тэглэсэнтэй холбоотойгоор татагддаг. Үлдсэн 1 тэрбум гаруй төгрөгийг яг үндсэн асуудалдаа буюу судалгаа хийх, шинэ технологи нэвтрүүлэх зэрэг ажилд зарцуулдаг гэсэн үг. Одоо холбогдох яам, агентлаг, байгууллагууд хамтран хаана, ямар ажил хийхээ тодорхойлоод ажиллаж байна. Гол нь улстөржүүлэлгүй ажлаа урагшлуулмаар байна” гэв.
Г.Номуундарь охины хэргийн талаар мэдээлэв
Г.Номуундарь охины өмгөөлөгч Р.Булгамаа, О.Чулуунцэцэг болон хүчирхийллийн эсрэг төрийн бус байгууллагын төлөөллүүд мэдээлэл хийлээ. Энэ талаарөмгөөлөгч, хуульч Р.Булгамаа "Гэмт хэргийн нөхцөл байдал бүрэн тогтоогдоогүй байхад, зарим байгууллагууд уг нөхцөл байдалд өөр өөрсдийн таамаглалаар хандаж байсан. Уг гэмт хэрэгтэй холбоотой Цагдаагийн байгууллагаас ажлын хэсэг гарч ажиллаж байна. Гэтэл ажлын хэсэг уг нөхцөл байдлыг шалгах явцдаа хууль зөрчиж байна.
Гэрчийг байцаахдаа өмгөөлөгч нарыг байлцуулаагүй. Тиймээс мөрдөгчид хуулийн дагуу арга хэмжээ авахуулна. Өсвөр насны хүүхдүүдийн дунд хар тамхи нь энгийн хэрэглээ болсон нь энэ хэргээс харагдаж байна” гэв.
Дэлхийд
Сахарын цөлд цас оржээ
Сүүлийн 30 жилд Сахарт ердөө дөрвөн удаа цас оржээ. Сахарын цөлд цас орох нь их ажиглагдаж байгааг Алжирын TSA сонинд мэдээлжээ. Байгалийн ховор үзэгдлийг харуулсан гэрэл зургуудыг олон нийтийн мэдээллийн хэрэгслүүд нийтлэсэн байна.
Сонинд бичсэнээр, Сахарын цөлийн хойд нутаг дахь Алжирын Айн-Сефра хотоос холгүй газартням гарагийн өглөө цас оржээ. Хотын захад нийтдээ 40 см гаруй зузаан цас орсон ч, орой тийшээ цас хайлж эхлэсэн байна. Энэ нутагт нэгдүгээр сарын дундаж темиператур Цельсийн нэмэх 6-12 хүртэл градус байдаг аж.
Дэлхийн хамгийн баян хүнийг нэрлэв
Америкийн телевизийн CNN суваг “Amazon” компанийг үндэслэгч Жефф Безосыг түүхэн дэх хамгийн баян хүнээр тодруулсан байна. “Блумберг” агентлагийн гаргасан тэрбумтнуудын жагсаалтаас үзвэл, 2018 оны нэгдүгээр сарын 9-ний байдлаар түүний хөрөнгө 105 тэрбум доллараар үнэлэгдэж байгаа ажээ.
Г.Хулан
СЭТГЭГДЭЛ БИЧИХ