Хурхиралтын гол шалтгаанууд

Хурхирах маш олон янзын шалтгаан байдаг бөгөөд түүнээс салах арга ч мөн олон байдаг.

1. Битүү хамар

Зөв амьсгал бол хамраараа амьсгалах явдал бөгөөд хамрын нэг том үүрэг нь энэ юм. Харшил болон бусад шалтгаанаар хамар битүү үед агаар бусад замаар орох бөгөөд үүнийг бид хурхирах хэмээн нэрлэдэг билээ.

Хэрхэн эмчлэх вэ?

Хамар битүүрсэн шалтгааныг тогтоон хамрын битүүг онгойлгох зориулалттай эм, бэлдмэл хэрэглэнэ. Гэхдээ цусны судас нарийсгах бэлдмэл хамаагүй хэрэглэж болохгүй ба хамрын битүү онгойхгүй олон хонох, янз бүрийн эм тариагүйгээр амьсгалж чадахгүй байвал эмчид үзүүлээрэй.

2. Хамрын мөгөөрсөн хана тахийсан байх

Хамар хоорондын мөгөөрсөн хана тахийснаас нэг тал нь нөгөөхөөсөө илүү нарийн, агаар нэвтрэх нь муу болдог.

Хэрхэн эмчлэх вэ?

Ийм гэмтлээс үүсэх хурхиралтыг мэс заслын аргаар эмчилнэ.

3. Хоолойн махны үрэвсэл

Хөөж томорсон хоолойн мах (мөн хамрын гүйлсэн булчирхайн үрэвсэл) нь ихэвчлэн хүүхдэд тохиолдох ба хэрвээ хүүхэд хурхирч байвал эмчид яаралтай үзүүлэх хэрэгтэй.

Хэрхэн эмчлэх вэ?

Эмчийн зааврыг хатуу баримтлах хэрэгтэй ба тодорхой тохиолдол болгон өөр шалтгаантай байж болох учир эмчилгээ ч бас өөр байна.

4. Дээш харж унтах

Эрүүл хүн ч дээш харахдаа хурхирдаг.

Хэрхэн эмчлэх вэ?

Хамгийн энгийн арга нь дээшээ харж унтахгүй байх юм. Тухтай дэр болон гудас өөртөө тааруулан сонгож болно. Гэхдээ хамгийн энгийн, үр дүнтэй арга нь өөрийн унтлагын хувцасны ард жижиг уут оёж түүндээ теннисний бөмбөг зэрэг зүйл хийж унтах хэрэгтэй. Та одоо дээшээ харж унтахгүй нь тодорхой.

5. Эм тариа

Зарим эм, тариа янз бүрийн гаж нөлөө үзүүлэх үе байдаг. Унтуулах, нойрсуулах эм тариа, депрессантын эсрэг эм бэлдмэл нь хэл болон залгиурын хөндийн булчинг суллан хурхируулах магадлалтай.

Хэрхэн эмчлэх вэ?

Хэрвээ таны ууж байгаа эм тариа нь хурхиралттай холбоотой байж магадгүй гэж санагдвал эмчид хандан өөр эм бэлдмэл сонгох нь зөв.

6. Булчингийн сулрал болон биеийн онцлог

Булчин суларсан үед хэл хоолойг бага зэрэг таглан агаар орох зай завсрыг багасгадаг. Энэ нь насны онцлогоос шалтгаалж болох ба мөн удамшил болон архи тамхи, наркотик зэрэг булчин сулладаг бодис хэрэглэдэг хүмүүст их тохиолдоно. Зарим хүмүүсийн хоолойн мах, хүүхэн хэлний онцлог нь агаар орох хоолойг өөрчилж хурхируулдаг. Иймэрхүү анатомийн өвөрмөц байдал нь төрөлхийн болон хэт таргалалт зэргээс бий болдог.

Хэрхэн эмчлэх вэ?

Зарим хүн жингээ хасан хэвийн хэмжээнд ороход л бэрхшээлгүй болно. Харин жинтэй холбоогүй бол бусад хурхираа үүсгэж байгаа нөхцөл байдлуудыг үгүй болгох хэрэгтэй юм. Архи наркотик зэргийг огт хэрэглэхгүй болох нь ойлгомжтой бөгөөд хурхирах шалтгаан нь энэ биш бол янз бүрийн амьсгалын дасгал, дуу дуулах зэргээр булчингаа чангалах хэрэгтэй. Дуу дуулж хурхиралтаа алга болгосон найдвартай баталгаа үгүй боловч муугаар нөлөөлөхгүй нь ойлгомжтой. Хэрвээ хэл хоолойг таглаж байгаа бол тусгай багаж хэрэглэж болно. Эдгээр багаж нь шүдний протез мэт хэлбэртэй ба нойрсох үед амны хөндийд хэл зөв байрлалтай байхад тусална.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ