С.Бямбацогт: Борлогдоогүй 30 000 орон сууцыг иргэдийн газраар солих нь зүйтэй


УИХ-ын гишүүн С.Бямбацогт Үндсэн хуулийн өдрийг Үндсэн хуульд заасан иргэдийнхээ үндсэн эрхийг хамгаалах, эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг нь хангах тал дээр анхаарах, бодож эргэцүүлэх, хийж хэрэгжүүлэх өдөр гэж ойлгож байгаа учраас цэцэг өргөлтөд биш Утааны Эсрэг Ээж Аавуудын зохион байгуулсан хэвтээ жагсаалд оролцсон тухайгаа бичжээ.
Тэрээр Агаарын бохирдлыг бууруулах УИХ-ын Ажлын хэсэгт байгаагийн хувиарутаатай хэрхэн тэмцэх талаар иргэдийн санал бодол, шийдлийг авах үүднээс санал асуулга явуулсан байна. Гишүүний энэ тухай, "Нийтдээ 185 хүн саналаа бичгээр ирүүлсэнд талархаж байна. Тэдний олонх утаатай тэмцэх хамгийн зөв гарц, эн тэргүүнд шийдэх асуудал бол иргэдээ орон сууцжуулах, гэр хороолол руу дэд бүтэц татах гэсэнтэй санал нэг байна. Гамшгийн хэмжээнд хүрсэн утааны асуудал өчигдөр, эсвэл өнөөдөр гэнэт үүсчихээгүй. Утаа бол улс төржих сэдэв биш харин улсаараа хөдөлж, нэгдэж байж шийдэх асуудал. Үг хэлж шүүмжлэхээс, судалж байна гэж сууж алгуурлахаас илүүтэй тодорхой үйлдэл, дорвитой шийдэл нэн чухал.
Нэн түрүүнд өнөөдөр зах зээл дээр борлогдохгүй байгаа 30 шахам мянган орон сууцаар гэр хорооллын иргэдийн газар хашааг нь солих, урьдчилгаанд нь тооцох, гэр хороололд дэд бүтэц яаралтай татаж хашаандаа хямд үнээр халаалт дулаантай, утаа гаргалгүй ая тухтай амьдрах орчныг бүрдүүлэх нь зүйтэй. Ажлын хэсгийн гишүүний хувьд энэ бодлогыг хэрэгжүүлэхэд би төрд түүчээ нь, ард түмний дуу хоолой нь болж ажиллах болно. Бодит шүүмжлэлээс зугтах биш сонсох, түүнийг ажил хэрэг болгохын төлөө тууштай зүтгэнэ" гэжээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ