Цагаан сар ба эрх чөлөө

Сар шинэ дөхөж хүн бүр л дор бүрнээ баярын бэлтгэлээ базааж байна. Шинэ дээл, малгай гутал, шинэ тавилга, идээ ундаа, мах, буузандаа гүйцгээж баярын өдрөө сэтгэл дотроо тайван сайхнаар төсөөлнө. Цагаан сараар үндэсний хувцасаараа гоён ах дүү ээж аавтайгаа золгон мэнд усаа мэдэлцэх халуун дотно өдрүүд айсуй. Хэн ч ямар ч үгээр илэрхийлэх аргагүй үндэсний хүндлэл бахархалт баяр ирж байна.

Цаг хугацаа зогссон мэт болох бөгөөд инээд хөөр баяр талархал цалгисан цаанаа л нэг таатай налгар, амар тайван өдрүүд. Битүүний өдөр ээж аав хөгшид баярын ширээгээ засан зогсох зуур зочдын өрөөнд уртын дуутай зэрэгцэн бөх тайлбарлагч бөхийн барилдааныг хүнгэнэсэн хоолойгоор тайлбарлах зуур хамарт буузны сайхан үнэр сэтгэл доторыг эзэмдэнэ. Эрчүүд зурагтын өмнө тухлан бүхнийг умартжээ. Бүсгүйчүүд галын өрөөнд хөгжилдөн инээлдэх зуур бяцхан хүүхдүүд сиймхийг алдалгүй баярын ширээг сахилгүйтэн үймүүлнэ.

Ай даа маргааш шинийн нэгэн. Уулын оройд цуглан өглөөний наранд уухайлан мэндээ мэдэлцэх залуус, эсгий гэрээс уртын дуу цуурайтаж өглөөний наранд дээж өргөлцөх ижий, уул тал дундуур уур манан савлуулан уралдан давхилдаж золгох өлчир багачууд... Монголын цагаан сар

Гэхдээ бид энэ сайхан үндэсний баяраа 1990 оноос хотол олноороо тэмдэглэх болсон тэр он жилүүдийг битгий мартаарай...ийм сайхан цагаан саргүй он жилүүд байсныг эргэн санаж, улам эв нэгдэлтэйгээр Монгол түмэн минь сайхан шинэлээрэй!

А.Цэрэнбат

СЭТГЭГДЭЛ БИЧИХ