Өглөө эрт сэрж, үйлдвэрлэл үйлчилгээгээ хөгжүүлье!

Улаанбаатарт минь урин цаг ирээд цаанаа л нэг сайхан болчихож. Өглөө эрт нар мандахтай зэрэгцээд ажилдаа явах зуур аяга кофе уунгаа сонин гарчигламаар санагддаг. Гэтэл их хотод маань онгорхой нэг ч газар алга. Сайхан өглөөний цай уучих кафе, хоолны газар, эмийн сан, өглөөний сонин унших ч тохитой газар алга.

Байлаа гэхэд маш цөөхөн л бий. Гэхдээ миний хувьд жуковт амьдардаг байж өглөө эрт зайсангийн "Томс" орохгүй. Үйлчилгээний газар ажиллуулдаг хүмүүс эдийн засаг хямраад, орлого муудаад байна гээд л лам бөө дээр очоод байдаг. Гэтэл ашиг, орлогоо нэмэгдүүлэхийн тулд юу ч хийдэггүй. Үгүй ядаж өөрийнхөө ажиллуулж байгаа газраа өглөө эрт нээ л дээ. Хүн орж ирэхгүй байвал цэвэрлэгээгээ хий. Хүнд мөнгө өгч байхаар өөрөө жорлонгоо угаагаад, ширээгээ арч. Өөрөө аягаа угаа. Эсвэл тооцоогоо хий. Хэзээ нэгэн өдөр өглөө эрт хүмүүс орж ирдэг болно.

Мөн дэлгүүр, хоршоонууд орой ажил тарахтай зэрэгцээд хаалгаа барьчихдаг. Хүмүүсийг ид ажлаа хийж байхад нь дэлгүүрээ ажиллуулчихаад, яг зав гарах буюу ажлаа тарах үед нь хаахаар хэзээд нь ашиг орлого олох вэ.Ийм байдалтай байгаа мөртөө арцаар утаж, мөнгөөр бараагаа цохиж буй та өөртөө нэг дүгнэлт хийгээд үзээрэй.

Угтаа улс орон цэцэглэн хөгжиж, ашиг орлого олоход бэрх зүйл үгүй мэт. Зүгээр л эрт онгойж орой хаа. Азийн орнуудаас жишээ авбал Хятад, Солонгос, Японы дэлгүүрүүд өглөө 07:00 цагт онгойсон байдаг. Бээжинд өглөө 06:00 цагт зам нь түгжирдэг. Японы метрод өглөө 05:40 цагт хүн нь багтахгүй шахам явдаг. Тэд ингэж л хөдөлмөрлөдөг учраас өдий хэмжээнд хөгжиж чадсан. Гэтэл бид үд болтол унтсаар л байх уу?

Монголчууд эрт үеэс "Бар цагт босвол өдрийн ажил бүтнэ, бага насандаа сурвал насны хэрэг бүтнэ" хэмээн хэлэлцсээр ирсэн. Бар цаг нь өглөөний 3.40- 5.40 хүртэлх цагийг хэлдэг. Үүнийг анх сонссон хэнбэ гуай чгайхан цочирдох биз. "Ийм эрт, хар үүрээр босоод юугаа хийж суух вэ” гэж бодож магадгүй.

Гэтэл бар цагт сэрж босож амьдрал ахуйгаа явуулсаар байгаа хүмүүс цөөнгүй байдаг аж.Европын орнуудад ажлын цаг өглөө эрт 06:00 цагт эхлээд үдээс хойш тарцгаачихдаг билээ. Ингэснээр нийгмийн гишүүн бүрт өдрийн нартай гэрэлтэй цагаар бусад ажлаа амжуулах, албан ажлаасаа гадна хувийн бизнэс эрхлэх, шинээр ажил мэргэжил эзэмших гэх зэрэг өргөн боломжийг олгодог байна.

Нэгэн жишээ татахад Солонгост 1953 оны үед ундуй, сундуй болж хэмхэрч сүйдсэн хот тосгод, өлсгөлөнд нэрвэгдэн тамир тэнхээгээ алдсан зон олонд хандан ерөнхийлөгчнь "Бид хөгжье гэвэл солонгос хүн бүр өглөө эрт 05:00 цагт босч уйгагүй ажиллаж хөдөлмөрлөх шаардлагатай. Иргэн бүр эрт босож босоцгооё" хэмээн уриалснаар тэд хэдхэн жилийн дотор дэлхий дахинаа "Хан мөрний эрэг дээрх гайхамшиг" хэмээх агуу их сэргэн мандалтыг бүтээсэн түүхтэй.

Үүнтэй адилаар бид тэднээс юугаараа дутах билээ. Хүн бүр л өглөө эртлэн босож, урдах ажлаа хариуцлагатай, хамгийн сайнаараа сэтгэлээ шингээж ажиллавал Монгол улс хөгжин цэцэглэх цаг тун ойрхон байна.

Г.Хулан

СЭТГЭГДЭЛ БИЧИХ