"Чингис хаан" нисэх онгоцны буудлын цахилгаан тасарч, иргэдийг бухимдуулав

Өнөөдөр /2018.03.13/ "Чингис хаан" нисэх онгоцны буудлын тог тасарч, зорчигчдын бүртгэл саатсан талаарх мэдээлэл олон нийтийн сүлжээнд тархав.

Иргэдийн хувьд "Буудал 30-40 минут цахилгаангүй байсан" хэмээн твитерт жиргэсэн байгаа ч ИНЕГ-ын хэвлэл мэдээлэл олон нийттэй харилцах ажилтантай холбогдож тодруулахад "Нисэх буудалд тогны хязгаарлалт хийх тухай мэдэгдэл өмнө нь ирсэн учраас нөөц генератороо бэлдсэн байсан. Тог тасармагц нөөц генераторыг залгасан. Удаан хугацаагаар тоггүй байгаагүй. Тог тасарснаас үүдэлтэйгээр нислэгийн хуваарь өөрчлөгдөөгүй. Бүх нислэг хуваарийнхаа дагуу хөөрсөн.

Түүнчлэн нислэгийн удирдах байр буудлаас тусдаа цахилгааны тасралтгүй эх үүсвэртэй. Тог тасарвал автоматаар өөр эх үүсвэр рүү шилждэг учраас нислэгийн аюулгүй байдал тал дээр асуудал гардаггүй" гэсэн тайлбарыг өглөө.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ