"Цахим худалдааны эрх зүйн орчин Монголд үнэхээр дутмаг байна"


ШӨХТГ-аас Олон Улсын Хэрэглэгчийн Эрхийг Хамгаалах Өдрийг тохиолдуулан “Цахим орчны хэрэглэгч-2018” зөвлөлдөх уулзалтыг өнөөдөр зохион байгууллаа.
Зөвлөлдөх уулзалтад төрийн болон төрийн бус байгууллага, аж ахуй эрхлэгч 20 гаруй байгууллагын төлөөлөгч оролцсон юм.
ШӨХТГ-ын дарга Б.Лхагва "Сүүлийн үед ухаалаг гар утас бий болсонтой холбогдуулан иргэд цахим худалдааг сонирхдог болж, байгууллагууд энэ чиглэлийн үйлчилгээг эрхэлдэг болсон байна. Энэхүү явуулж буй үйл ажиллагаанаас иргэд хохирох вий гэдгээс урьдчилан сэргийлэх үүднээс энэхүү зөвлөлдөх уулзалтыг бид хийж байгаа юм.
Цахим худалдаатай холбоотой эрх зүйн орчин манай улсын хэмжээнд бүрдээгүй байна. Үүнд ямар байгууллага хяналт шалгалт тавих, иргэдийн гомдол саналыг хэн барагдуулах зэрэг тодорхойгүй асуудлууд байна. Тийм учраас Хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах чиглэлээр ажлын хэсэг байгуулан ажиллаж байгаа.
Ажлын хэсэг холбогдох төрийн болон төрийн бус байгууллагууд иргэдийн саналыг аваад нэгтгэн шат шатны хэлэлцүүлгийг зохион байгуулж, Засгийн газарт өргөн барьж УИХ-аар батлуулах зорилтыг тавин ажиллаж байна. Уг хуульд цахим худалдаа үйлчилгээтэй холбоотой асуудлыг хэрхэн шийдэх талаарх асуудлуудыг тусгаж өгнө.
2017 он болон 2018 оны эхний хоёр сарын байдлаар ШӨХТГ-т цахим худалдаатай холбоотой гомдол санал ирээгүй. Хэдий ийм боловч цахим худалдаа дэлхий нийтээр хөгжиж буй болохоор энэ чиглэлийн эрх зүйн орчинг боловсронгуй болгох шаардлагатай" гэв.
Судалгаа Хөгжил Технологийн Төвийн захирал Д.Баярмаа "Манай улс цахим худалдааны зах зээлд шилжиж байгаа. Гэвч цахим худалдааны эрх зүйн орчин үнэхээр дутмаг байгаа юм. Үүнийг дагаад эрсдэл гарах боломж маш өндөр. Цахим орчны эрх зүйн орчныг сайжруулах талаар өнөөдрийн хурлаар болон үүний дараа хэлэлцүүлэг зохион байгуулна.
Хөгжингүй орнууд цахим худалдааны хөгжлөөрөө биднийг аль хэдийн орхисон. Энэхүү хөгжлийг гүйцэхэд төрийн оролцоо чухал. Дээрээс нь цахим худалдааг эрхлэхэд олон асуудал байна. Тухайлбал, манай улсын иргэд гадаадад өөрсдийн бүтээгдэхүүнийг экспортод гаргах гэхээр менежмент, холбогдох зохицуулалт шаардлагатай байгаа.
Жишээлбэл тээврийн өндөр зардлыг жижиглэн худалдаа эрхлэгчид даагаад гадаад руу бүтээгдэхүүнээ гаргах ямар ч боломж алга. Тиймээс үүнийг шийдэж өгөх нь бас чухал байна" гэлээ.
Цахим худалдаа нь хэрэглэгчдэд худалдаа хийх тав тухтай нөхцөл, өмнө нь байгаагүй өргөн сонголтыг санал болгосон дэвшилтэт технологи юм.
АНУ болон БНХАУ цахим худалдааны зах зээлд олон жил өрсөлдөж байгаа бөгөөд 2016 оны байдлаар БНХАУ-д 702 сая, харин АНУ-д 264 сая онлайн хэрэглэгч байдаг гэсэн тооцоо гарчээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ