"Монголын сурагчид олон улсын сорилуудад хамрагдах шаардлагатай"

Дэлхийн Банкнаас "Ухаалаг болж өсөх нь" нэртэй Зүүн Ази, Номхон Далайн бүс нутгийн боловсролын салбарын тайланг хийснээ өнөөдөр олон нийтэд танилцууллаа.

Тус тайланд бүс нутгийн сургуулиудын тогтолцоог үнэлж, сурлагын үр дүнг дээшлүүлж чадсан арга замуудын талаар онцлон тэмдэглэснээс гадна боловсролын чанарыг сайжруулахын тулд цаашид авах арга хэмжээ, зөвлөмжүүдийг багтаасан байна.

Дэлхийн Банкны тайланд дэлхийн шилдэг арван боловсролын тогтолцооны долоо нь Зүүн Ази, Номхон далайн бүсэд байгаа бөгөөд Хятад, Вьетнам улсын сургуулиудын үзүүлэлт нэлээн ахисан хэмээн дурьджээ.

Энэ нь дэлхийн бусад улс орнуудад чухал сургамж болох том амжилт мөн. Гэвч бүс нутгийн бусад хэсэгт нийт сурагчдын 60 хүртэл хувь нь тэднийг амжилтын замд хөтлөх ур чадварыг олгож чадахгүй, сургалт муутай сургуульд сурч байна.

Манай Улсын хувьд ДНБ-ийхээ 4.6 хувийг боловсролын салбарт зарцуулдаг нь бүс нутгийн бусад орнуудтай харьцуулахад харьцангуй өндөр үзүүлэлт юм. Гэсэн хэдий ч зардлын ихэнх нь хувьсах зардалд хуваарилагдан, сурлагын үзүүлэлтэд илүү их нөлөө үзүүлдэг сургалтын хэрэглэгдэхүүн зэрэгт оруулж буй хөрөнгө оруулалтын хэмжээ бүс нутагтаа доогуур байгаа юм. Монгол Улсын сурагчид олон улсын стандарт сорилуудад хамрагддаггүй тул тэдний сурлагын түвшинг бусад орнуудыхтай харьцуулахад хүндрэлтэй байгаа ажээ.

Дэлхийн банкны суурин төлөөлөгч Жеймс Андерсон"Тайлангийн гол төвлөрч судалсан асуудал бол зөвхөн танхимд зарцуулж байгаа цаг хугацаа биш тухайн танхимд суралцаад гарч байгаа сурагчийн амжилт хэр байна вэ гэдэг асуудал. Бас нэг онцолж тэмдэглэх зүйл нь бүс нутгийн нэлээн хэдэн улс боловсролын салбарт сайн гүйцэтгэлтэй байна. Тэдгээр орнууд олон жилийн хугацаанд боловсролын салбарыг нэн тэргүүний салбараа гэж үзэж ажилласан, тэр дундаа суурь боловсролыг голлон дэмжиж, төрөөс боловсролын салбарт зарцуулах хөрөнгийг тогтмол нэмэгдүүлж байсан нь ажиглагдаж байгаа.

Харин Монгол Улсын сурагчид олон улсын стандарт сорилуудад хамрагдахгүй байгаа. Цаашдаа хамрагдах шаардлагатай гэж үзэж байна. БСШУСЯ-ны зүгээс 2021 оноос зарим сорилуудад сурагчдыг хамруулахаар төлөвлөж байгаагаа мэдэгдсэн" хэмээлээ.

Тайланд дараах дөрвөн үндсэн чиглэлд анхаарлаа төвлөрүүлэхийг уриалсан байна. Үүнд:

  1. Үр дүнтэй, тэгш байдлыг дэмжсэн төсвийн зарцуулалт;
  2. Сурагчдыг суралцах үйл ажиллагаанд бэлтгэх;
  3. Багшийг зөв сонгох ба дэмжих;
  4. Сургах үйл явцыг чиглүүлэх зорилгоор үнэлгээг системтэй ашиглах.

Судалгаанаас харахад боловсролын шилдэг тогтолцоо бүхий сургуулиуд нь сургуулийн дэд бүтэц болон багш нарт төсвийг үр ашигтай зарцуулдаг, багшлах сонирхлыг нь татахуйц байдлаар, шилдэг хүмүүсийг багшаар авч ажиллуулдаг, ангийн сурлагын амжилттай уялдуулж багш нарыг шагнаж урамшуулдаг цалингийн бүтэцтэй болох нь ажиглагджээ.

Түүнчлэн бүсийн сургуулиуд ядуу эмзэг бүлгийн хүүхдүүдийг хамруулан сургуулийн өмнөх боловсролын хүртээмжийг нэмэгдүүлж, сурагчдын сурлагын үнэлгээг боловсролын бодлогодоо тусгаж ажилладаг байна.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ