Эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэргийн талаар хэлэлцэв


“Хуулийн хэрэгжилт” нэгдсэн арга хэмжээний хүрээнд Хэрэг бүртгэх албанаас төрийн болон төрийн бус байгууллагын иргэдийг оролцуулан “Хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх” сэдэвт хэлэлцүүлэг өнөөдөр /2018.03.15/ боллоо.
Улсын хэмжээнд 2017 онд “Хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэг” нийт гэмт хэргийн 27.3 хувийг эзэлж, энэ гэмт хэргийн 37,9 хувийг согтуугаар үйлдэж байгаа нь энэ гэмт хэргийн үндсэн шалтгаан нь архидалт байгаа аж.
Уг хэлэлцүүлэгт ХЗДХЯ, Шүүхийн ерөнхий зөвлөл, УЕПГ, МХЕГ, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэн, Хууль сахиулахын их сургууль, Цагдаагийн ерөнхий газрын урьдчилан сэргийлэх хэлтэс, Нийслэл, дүүргүүд дэх цагдаагийн газар, хэлтсийн дарга нар, Хэрэг бүртгэх тасгийн дарга нар, МӨХ, Нийслэлийн хүүхэд, гэр бүл хөгжлийн газар, дүүргүүдийн хорооны хурлын болон засаг дарга нар, Монголын залуучуудын холбоо, Монголын оюутны холбоо, Монголын сурагчдын холбоо, ”Лантуун дохио” ,”Хөөрхөн зүрхний аян” ТББ-ууд оролцож байна.
Хэлэлцүүлгийн гол зорилго нь архидан согтуурахыг бууруулах, иргэдийн харилцааны соёлыгтөлөвшүүлэх, хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэргээс урьдчилан сэргийлэхэд оршиж буй юм.
Хэрэг бүртгэх албаны ахлах мөрдөгч Цагдаагийн дэд хурандаа Т.Төгсмаатай ярилцлаа.
-Нийт бүртгэгдсэн гэмт хэргийн хэдэн хувийг “Хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг” гэмт хэрэг эзэлж байна вэ?
-Монгол Улсад 2017 онд 32259 гэмт хэрэг бүртгэгдсэн. Үүний 8812 буюу 27.3 хувь нь “Хүний эрүүлмэндийн халдашгүй байдлын эсрэг” гэмт хэрэг эзэлж байна. Энэ гэмт хэргийн сүүлийн үеийн статистик тоон баримтаас харахад 38.9 хувийг согтуугаар үйлдсэн. Тэгэхээр энэ төрлийн гэмт хэргийн шалтгаан нөхцөлийн нэгдүгээрт архидан согтуурал эзэлж байна.
Энэ гэмт хэргийн улмаас 2017 онд 8980 хүн гэмтсэн. Үүнээс 3430 эмэгтэй, 430 хүүхэд өртөж хохирсон байна. Энэ гэмт хэргийн өсөлт 2017 онд 6.8 хувийн өсөлттэй байгаа учир урьдчилан сэргийлэх зайлшгүй шаардлагатай байгаа юм. Иймээс Хэрэг бүртгэх албанаас энэхүү хэлэлцүүлгийг зохион байгуулж архидан согтууруулахыг бууруулах, иргэдийг төлөвшүүлэх, урьдчилан сэргийлэх чиглэлээр хэлэлцэж байна.
-Өнгөрсөн онд нийт хэчнээн хүн энэ төрлийн гэмт хэргийн улмаас хохирсон бэ?
-2017 онд сэжигтнээр шалгагдсан хүмүүсийн 3359 буюу 42.6 хувь нь эрхэлсэн тодорхой ажилгүй 2755 буюу 37,9 хувь нь архидан согтуурсан үедээ 452 буюу 6.2 хувь нь бүлэглэж 211 буюу 2.9 хувь нь хүүхэд оролцож 974 буюу 13 хувь нь гэр бүлийн хүчирхийллийн улмаас үйлдсэн байна.
Энэ гэмт хэрэгт 2017 онд 7267 хүн шалгагдсан. 937 нь эмэгтэй 211 хүүхэд байгаа. Нийт шалгагдсан хүмүүсийг өмнөх оныхтой харьцуулбал буурсан үзүүлэлттэй байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ