"Оросын дипломатчдыг АНУ-д элсүүлэхээр санаархаж байна" гэв

Америкийн тусгай албадын ажилтнууд АНУ-аас гарч явж байгаа Оросын дипломатчдыг өөрийн талд элсүүлэхээр санаархаж байна. Америкт суугаа оросын элчин сайд Анатолий Антонов ингэж мэдээлснийг РИА Новости агентлаг уламжилжээ.

“Манай дипломатчидтай албан ёсны бус харилцаа тогтоож, тэднийг эх орноос нь урвуулахыг оролдож буй америкийн тусгай албадын хандлагыг бид мэдэж байна” гэж Антонов хэлжээ.

Түүний дурдсанаар, ингэж элсүүлэх оролдлого нэг бус удаа бүртгэгдэж, элчин сайд энэ тухай Москвад мэдээлэхээр шийдсэн байна.

Гуравдугаар сарын 26-нд АНУ-ын эрх баригчид Оросын 60 дипломатчийг тааламжитбус этгээд хэмээн зарлаж, Сиэтл хот дахь Оросын консулын газрын хаах тухай мэдэгдсэн юм. Хариуд нь Оросын тал Америкийн 60 дипломатчийг гаргахаар шийдвэрлэсэн билээ.

Оросын зэвсэгт хүчний тагнуулын ерөнхий газрын хурандаа асан Сергей Скрипаль болон түүний охин Юлия нарыг хордуулахад Орос улс холбогдолтой хэмээн Их Британи зэмлэж байгаатай холбогдон дипломатын ийм дуулиант хэрэг мандсан юм. Тэд гуравдугаар сарын 4-нд ухаангүй байдалтай олдсон бөгөөд Оросын тал бүхий л зэмлэлийг няцааж байгаа юм.

С.Инда

СЭТГЭГДЭЛ БИЧИХ