"Багш нарын цалин шүүгчдээс арав дахин бага байна"


Багш нарын цалин нэмэгдүүлэх түр хорооноос өнөөдөр мэдээлэл хийлээ.
Тус хорооны Удирдах зөвлөлийн гишүүн С.Сарантуул: 2018 оны нэгдүгээр сарын 1-ний өдрөөс цалин нэмэгдсэн юм шиг яриа нийгэмд гарсан байна. Гэтэл нэмэгдээгүй хасагдсан учраас бид өнөөдөр хариуцлагатайгаар хурал хийж байна.
Нөхцөл байдал ийм байхад биднээс хариуцлага нэхээд байдаг. Тэгвэл төрд гарсан хүмүүсээс бид хариуцлага нэхэн цаг нь болсон. Өнөөдөр багш нар нийгэмд муу хүүхэд бэлдэж гаргаагүй. Маш олон хүчин зүйлээс болж хүүхдийн хүмүүжил тодорхойлогдоно.
Өнөөдөр бидэнтэй адил Их, дээд сургууль төгссөн шүүгч нар гэхэд таван сая төгрөгийн цалин авч бид 500 мянган төгрөгийн цалин авч байна. Яагаад арав дахин бага байгаа юм бэ? Ядаж гурав дахин бага байг л дээ. Тэгвэл бидний хүсээд байгаа 1,6 сая төгрөгт хүрнэ шүү дээ" гэв.
Багшийн цалин нэмүүлэх түр хорооны удирдах зөвлөлийн гишүүн А.Санжмятав "2018 онд багш нарын цалинг нэмэгдүүлэх боломж манай улсын эдийн засагт байгаа. Энэ жилийн хувьд эдийн засгийн үзүүлэлт 73,1 тэрбум төгрөгөөр нэмэгдэж гарсан. Жишээлбэл татварын орлого 29,1 хувиар нэмэгдсэн байна. Тэгэхээр Монгол улсын эдийн засаг сайжирч байна, тийм ч учраас багш нарын цалинг нэмэгдүүлэх боломж бололцоо бүрдэж байна гэсэн үг.
Багш улиралд 100-200 мянган төгрөгийн урамшуулал авч байхад 30 гаруй сая төгрөгийн цалинтай томоохон уул уурхайн компанийн захирлууд жилд тэрбум гаруй төгрөгийн урамшуулал авч байна.
Энэ бол Монголын төрд мөнгө байна гэсэн үг. Гэхдээ ирээдүйг аврах, оюунлаг толгой буюу багш нарт хүрэх ёстой мөнгийг нь хүргэж чадахгүй байна л гэсэн үг. Үүнээс болж боловсролын гажуудал гарсан" гэлээ.
Багш нарын цалин нэмэгдүүлэх түр хорооноос Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга, Улсын Их Хурлын дарга М.Энхболд, Ерөнхий сайд У.Хүрэлсүхэд хандан бичсэн шаардлага хүргүүлж байгаа аж.
Тус шаардлагад:
"Монгол улсын үндсэн хуульд "Гэр бүл эх нялхас, хүүхдийн ашиг сонирхлыг төр хамгаална" гэж тунхагласан атал төрийн үйлчилгээний салбарт ажиллагсдын олонх нь хоногт 20 мянга орчим төгрөгийн цалин авч байна.
Түүнчлэн "Хүн бүр хоол хүнс, хувцас хунар, орон байр, эмчилгээ сувилгаа, нийгэм ахуйн зайлшгүй шаардлагатай үйлчилгээг оролцуулаад өөрийн болон ам бүлийнхээ эрүүл мэнд, аж амьдралыг тэтгэхэд хүрэлцэхүйц амьжиргаатай байх эрхтэй" гэсэн заалтыг зөрчиж байна" гэжээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ