"Монголчуудын төлбөрийн хэрэгсэл эдүгээгээс өнөөг хүртэл" үзэсгэлэн нээгдлээ


Монголчуудын төлбөрийн хэрэгсэл эдүгээгээс өнөөг хүртэл үзэсгэлэн Үндэсний түүхийн музейд өнөөдөр нээгдлээ.
Үзэсгэлэн энэ сарын 14-нээс 28-ныг хүртэл гарна. Монголын нутагт байсан эртний улсууд болох Хүннү, Түрэг, Уйгар, Хятан улсын үеийн гүйлгээний зооснуудыг олж илрүүлэн, судалгааны ажлууд хийгдэж байгаа ажээ.
Манай улс Богд Хаант Монгол Улс байгуулагдсанаас хойш одоог хүртэл олон төрлийн зоос, цаасан мөнгө, үнэт цаасыг төлбөрийн хэрэгсэл болгон гаргасаар байна.
Монголбанкны эрдэнэсийн сангийн захирал П.Эрдэнэтуяа "Олон улсын музейн болон банкны ажилтнуудын өдрийг угтаж г нээж байна. Үзэсгэлэнд 1,000 орчим үзмэр тавигдсан.
Монголчууд эртнээс ямар төлбөрийн хэрэгслийг гүйлгээнд ашиглаж байсан, гол онцлог зэргийг нийтэд хүргэхэд үзэсгэлэнгийн зорилго оршино. Мөн дээр нь дурсгалын зооснууд үзэсгэлэнд тавигдсан.
Олон улсын үзэсгэлэнд оролцож шагнал авсан зооснууд болох 3 килограмм, 1 килограмм алтан Чингис хаан зоос зэрэг ил тавигдах нь ховор зооснууд дэлгэгдсэн. Залуучууд маань цаасан болон зоосон мөнгөөр цуглуулгаа нэмэх боломжтой. Монголбанкны эрдэнэсийн сан, Үндэсний түүхийн музей болон Монголын зоос судлалын холбооноос 12 цуглуулагчийн үзмэр гарч байгаа" гэлээ.
Үзэсгэлэнд дараах үзмэрүүдийг дэлгэн толилуулж байна.
- Монгол нутагт байсан эртний улсуудын зоос
- Монголын эзэнт гүрний зоос
- Зүүнгарын хаант улсын зоос
- Манжийн үеийн хүрээ, сүм хийдээс гаргасан орон нутгийн чанартай цаасан мөнгөн тэмдэгтүүд
- Хувьсгалаас өмнө төлбөр тооцоонд хэрэглэж байсан гадаадын төлбөрийн хэрэгсэл зоос, ембүү, гулдмай
- Богд хаант Монгол Улсаас гаргаж байсан Бага болзоот хэмээх мөнгөн тэмдэгт
- Ардын хувьсгал ялсны дараа гаргахаар зэхэж байсан Данзангийн хэмээх доллар
- БНМАУ-ын 1925-1983 оны хооронд гаргаж байсан гүйлгээний зоос болон цаасан мөнгөн тэмдэгтүүд
- Монгол Улсын 1993 оноос одоог хүртэлх гүйлгээний зоос, цаасан мөнгөн тэмдэгтүүд
- БНМАУ-ын Өрийн бичиг "Вексел", Зээллэг "Облигаци"
- БНМАУ, Монгол Улсын дурсгалын алт мөнгөн зоос
- Загвар, онцгой дугаартай болон алдаатай мөнгөн тэмдэгтүүд
СЭТГЭГДЭЛ БИЧИХ