Богд хааны музейн газрын асуудлыг нэн даруй шийдвэрлэхийг шаардлаа


Монголын түүхийн үнэт өв, соёлын дурсгал бүхий VIII Богд Жавзандамба хутагтын ордон музейн цогцолборын хамгаалалтын бүсэд хууль бусаар газар олгосон асуудал маргаан дагуулж буй. Энэ асуудлаар өнөөдөр боловсрол, соёл, шинжлэх ухааны байгууллагын төлөөлөл сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ. Тэд төрийн өндөрлөгүүдэд Богд хааны ордны газрын асуудлыг нэн даруй шийдвэрлэж, цогцолбор барих асуудлыг яаралтай шийдвэрлэхийг шаардсан бичиг хүргүүлж байгаагаа мэдэгдсэн юм.
Энэ талаар Монгол судлаач Г.Баттогтох “2008 онд Хан-Уул дүүргийн газрын албанаас “АПУ” ХК-ийн охин компани гэгдэх “Ван трейд” компанид хамгаалалтын бүсэд газар олгож байсан. Энэ зөвшөөрлийн дагуу “Ван трейд” компани музейн 1.6 га газрыг өнөөдөр эзэмшиж байна. Нүдэнд ил харагдаж буй хөл бөмбөгийн асар барих ажлыг NTV телевиз зохион байгуулах гэж байгаа. Эсэргүүцлийн үр дүнд зогсоож чадсан. Гэхдээ хөрс хуулаад хаячихсан байна лээ. 2012 онд Европын аварга шалгаруулах тэмцэний үеэр мөн л ийм асар барьж байсан. Тухайн үед Богдын ордын музейн хамгаалалтын дохионы өсгөгч өдөржин, шөнөжин дуугарч байсан юм.
Мөн Нийслэлийн өмчийн харилцааны газраас ирсэн бичиг дээр байхгүй 2012 онд Нисйлэлийн засаг даргын захирамжаар “Грийн Эйр Гарден” гэх компанид зочид буудал аялал жуулчлалын чиглэлээр Богдын өвлийн ордны цаад талд зодид буудал барих зөвшөөрөл олгосон байсан. Эдгээр компаниудыг бид “Апу” компанийн охин компани гэж хардаж байна. Бид тухайн компаниудын бизнесийн эрх ашигт халдсан зүйл огт яриагүй.
Богдын ордны баруун талын “Номун гэрэл” төвийг Монгол Улсын Шинжлэх Ухааны Академийн академич Далантайн Цэрэнсодном гэх хүн эзэмшдэг. Монголын үүх түүхийг мэддэг шинжлэх ухааны оргилд нь явж байгаа хүний нэр энэ газартай холбоотой байгаа нь үнэхээр хачирхалтай хэрэг. Мөн Монгол Улсын ерөнхийлөгч Х.Баттулгад хандаж Богд хаантай хөшөө босгохыг дахин уламжлах тухай саналыг МУ-ын төрийн соёрхолт түүхч Х.Батсайхан өнгөрсөн онд бичиж байсан. Тус саналын хариу ирээгүй юм байна.
Өнөөдөр МУ-ын төрийн соёрхолт түүхч Д.Өлзийбаатар гуай төрийн өндөрлөгүүдэд хандаж ил захидал илгээсэн. Тус захидалд Богд хааны ордны газрын асуудлыг нэн даруй шийдвэрлэж, цогцолбор барих асуудлыг яаралтай шийдвэрлэж өгөхийг уламжилсан байна. Энэ дагуу бид шаардлага хүргүүлж байна. Шаардлагын хариуг ажлын гурав хоногт ирүүлэхийг сануулж байгаа. Шийдвэр гаргахгүй бол дахин эсэргүүцэл илэрхийлнэ” гэлээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ