Одонтой ээжүүдийн миссээр А.Дэлгэрцэцэг шалгарав


"Зөв гэр бүл, Зөв хүүхэд, Зөв нийгэм" уриан дор зөв хандлага, зөв үлгэрлэлийг бий болгох зорилгоор “Алунгоо Эх” ТББ, “Монголын Эмэгтэйчүүдийн Хатан Эрдэнэ Холбоо”, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг “Гэр Бүл Хүүхэд Залуучуудийн Хөгжлийн Газар”, “Алдарт эх” цахим нэгдэл хамтран "MRS MONGOLIA WORLD 2018-ГОО ЭЭЖ" улсын анхдугаар уралдааныг өчигдөр зохион байгууллаа.
Уралдаанд "Алдарт эх"-ийн одонтой, дөрвөөс дээш хүүхэд төрүүлсэн бүсгүйчүүд оролцсон бөгөөд эхний шатны шалгаруулалтад 60 гаруй оролцогч авьяас билэг, гоо үзэсгэлэн, амьдралын туршлага, нийгмийн оролцоо, нийгэмд эзлэж буй байр сууриа илэрхийлэн өрсөлдсөнөөс сүүлийн шатанд 29 ээж тунаж үлдсэн юм.
Дөрвөн хүүхдийн ээж А.Дэлгэрцэцэг наадмын тэргүүн гоо бүсгүйгээр шалгарч "Алтан эрдэнэ" өргөмжлөл хүртлээ. Тэрбээр олон улсын тэмцээнд эх орноо төлөөлөн оролцох эрхтэй болж байна.
Энэ арга хэмжээний үеэр одонтой ээжүүд санаачлан төрөхийн хүндрэлээр нас бараад удаагүй Наранцацралт бүсгүйн гэр бүлд хоёр өрөө байрны түлхүүр гардуулсан юм. Цэл залуугаараа хорвоог орхисон бүсгүйн гэр бүлд туслахын тулд "Одонтой ээжүүд" фэйсбүүк группийнхэн 14 хоногт энэ мөнгийг цуглуулж чаджээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ