Хүүхдийн парк "хүүхдүүдээ" гэмтэл рүү явуулсаар байх уу?


Монголын хүүхэд, багачуудыг Үндэсний соёл амралтын хүрээлэн “хайрладаггүй” юм байна. Учир нь бидний хэлж заншсанаар хүүхдийн паркад тоглоом эвдэрч хүүхдүүд гэмтсэн ноцтой осол өчигдөр 15:00 цагийн орчимд гарлаа. Тодруулбал, паркийн “Сансрын хөлөг” нэртэй тоглоом суурь хэсгээсээ салж унасан байна. Уг тоглоомонд дөрвөн хүүхэд суусан байсан бөгөөд азаар хүүхдийн амь эрсдээгүй ч хоёрынх нь биеийн байдал сайнгүй байгаа аж.
Хүүхдийн паркад осол гарсан энэ тохиолдол анхных биш. Яг өчигдрийн хугарч унасан “Сансрын хөлөг” тоглоом өмнө нь ч гэмтэж байсан удаатай. Тодруулбал, ажиллах явцдаа гинж нь тасарч дотор нь сууж байсан хүүхдүүдийг гаргах гэж эцэг, эхчүүд, онцгой байдлынхныг сандаргаж байв. 16 хүүхдийн аминд хүрэх шахсан “Галзуу хулгана” тоглоомын гэмтлийн тухай мэдээлэл ч хуучраагүй байна. Энэ хэрэгт тоглоомыг ажиллуудаг оператор залууг тухайн үед буруутган ажлаас нь халаад өнгөрсөн юм.
Хүүхдийн парк гэхээр газрын маргааны асуудал хамгийн түрүүнд санаанд буудаг. Учир нь Монголд ганц, хүүхдүүддээ зориулсан соёл амралтын газраасаа хумсалж өндөр, өндөр барилга байшин барьчихсан топ компаниудын хэрүүл шуугиан өнөөдөр ч тасраагүй байгаа. Иргэд үүнд хамгийн ихээр дургүйцдэг. Анх Монголын Дисней Лэнд байгуулна гэж сүр дуулиантайгаар зарлаж, хүүхдүүдээс газрыг нь булаасан тус газарт өөлөх зүйл маш их бий.
Газрыг нь баар ресторан, буудлын зориулалтаар хэсэгчлэн зараад ч ханалгүй өчүүхэн бага газарт нь ардын хүүхэд тоглож чадахгүй тэнгэрт тулсан үнэтэй шавааралдуулж барьсан цөөн хэдэн тоглоомоор ашиг хонжоо хайсаар буй. Энэ мэтчилэн хүүхдийн паркийг тойрсон газрын маш олон асуудал бий.
Угтаа хамгийн хариуцлагатай, хэдэн зуун хүүхдийн амь нас эрүүл мэндийг хамгаалах ёстой ажил нь паркийн тоглоомын аюулгүй байдал юм. Баяр ёслолын үеэр нэг өдөрт 4000 хүүхэд энэ газраар үйлчлүүлдэг гэсэн судалгаа бий. Гэтэл паркийн тоглоомыг ажиллуулдаг ажилчид нь мэргэжлийн бус оюутнууд байдаг.
Үүнээс харахад манайд нэг тогтсон муу жишиг бий. Тухайлбал, заавал асуудал үүссэний дараа буюу хүний амь нас яригдаж байж алдаагаа засч залруулдаг. Гэхдээ энэ удаад, хүүхдийн асуудалд энэ жишиг ер хамаагүй. Мянга мянгаараа тоглож байгаа хүүхдийн тоглоом бүр эрсдэлгүй, аюулгүй байх шаардлага алхам тутамд тавигдах учиртай. Гэвч өнөөгийн паркийн үйл ажиллагаа стандартад нийцэхгүй байна. Чанаргүй тоглоом, хариуцлагагүй байдлаас болж хүүхдүүдийн аминд хүрэхэд ойрхон байгааг удаа дараагийн ослууд сануулсаар байна.
Нийгмийн бухимдлаас холдож, хүүхэд багачуудаа салхилуулан наадуулж аз жаргалыг амсуулдаг энэ газар одоо таны, бидний хүүхдийн аминд хүрч болзошгүй болжээ. Иймд хууль хяналтын байгууллагаас тус газарт хариуцлага тооцохыг мянга мянган үрсийн өмнөөс шаардаж байна.
Г.Хулан
СЭТГЭГДЭЛ БИЧИХ