Хэрэг ямар шатанд явж байгааг мэдэх вэб сайттай боллоо


Шүүх эрх мэдлийн болон хууль сахиулах байгуулагуудын мэдээллийн нэгдсэн сангийн нээлт өнөөдөр боллоо.
Мөн энэ үеэр иргэдэд мэдээлэл өгөх зорилготой e-justice.mn сайтыг нээж байгаагаа танилцуулсан юм.
Мэдээллийн нэгдсэн сангаас ЦЕГ, УЕПГ, ШЕЗ, ШШГЕГ мэдээлэл авч ашиглана. Харин хэрэгт холбогдсон иргэн/сэжигтэй, яллагдагч, хохирогч, ямар нэгэн хэргийн талаар гомдол гаргасан иргэн/ e-justice.mn сайтад хандаж, хэрэг маргаан ямар шатандаа явж байгаа, яаж шийдэгдэж байгааг мэдэх бүрэн боломжтой аж.ХЗДХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Г.Баясгалан "Хууль сахиулах байгууллагуудын мэдээлийн нэгдсэн санг бий болгох санал нэлээд хэдэн жилийн өмнө гарсан. Уг саналыг ажил хэрэг болгох ажлын хэсэг байгуулагдан хоёр жил гаруй ажилласны үр дүнд сан бэлэн боллоо.
Гэмт хэргийг цагдаагийн байгууллага шалгаж, прокурор хянан, шүүх шийдвэрлэж, шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага хэрэгтний ялыг эдлүүлдэг. Энэ урсгал үйл явц тасралтгүй явж байх ёстой. Уг нэгдсэн систем ажиллаж эхлэхээс өмнө байгууллага бүр дээр зөрүүтэй мэдээлэл гарч, тодорхой биш байдал үүсдэг байсан. Харин одоо мэдээллийн зөрүүтэй байдал арилсан. Улсын хэмжээнд эрүүгийн нөхцөл байдал тухайн цаг үедямар байгааг шууд газар дээр нь мэдэх боломж бүрдэж байна.
Гэхдээ хүн бүр бусдын холбогдсон гэмт хэргийн талаар мэдээллийг мэдэх шаардлагагүй. Тиймээс мэдэх ёстой, эрхтэй хүмүүс нь хэрхэн системд хандаж мэдээлэл авах талаар шийдлийг ярилцаж байна. Орчин үеийн техникийн ололтыг ашиглаад шийдэх бүрэн боломжтой асуудал. Бидний зүгээс иргэдэд хамгийн түвэг чирэгдэл багатай аргаар шийдвэрлэхээр ажиллаж байгаа" гэлээ.
Шүүх эрх мэдэл, хууль сахиулах байгуулагуудын мэдээллийн нэгдсэн сан болон e-justice.mn сайтыг хөгжүүлэх ажлыг улсын төсвийн хөрөнгөөр 800 орчим сая төгрөг зарцуулан хийжээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ