Их Британийн гадаад хэргийн сайд Борис Жонсон огцорчээ

Их Британийн гадаад хэргийн сайд Борис Жонсон огцорчээ. Тус орны ерөнхий сайд Тереза Мэй ингэж мэдэгдсэнийг Ройтерс агентлаг уламжилсан байна.

Энэ нь сүүлийн нэг хоногт огцорсон Британийн хоёр дахь сайд болж байна. Өмнө нь  Европын холбооноос Их Британийн гарах асуудал эрхэлсэн сайд Дэвид Дэвис огцорсон юм. Тэд Brixit-эд хандах асуудлаар  санал зөрснийг тэмдэглэж байна.

Британийн сайд нарын танхим долоодугаар сарын 6-нд хийсэн хуралдааныхаа явцад ирээдүйд ЕХ-той хийх хэлэлцээний талаар хамтын байр сууриа зөвшин тохирчээ. Мэй  ЕХ-ноос гарах “бизнесийн зөөлөн арга” хрэрэглэх тал баримтлаж байгаа бөгөөд ЕХ-той худалдааны нягт харилцаагаа дээд зэргээр  хадгалах бодолтой байгаагаа мэдэгдсэн байна. Харин  Жонсон, Дэвис нар хатуу байр суурь баримтлах бодолтой байгаагаа мэдэгджээ. Ерөнхий сайд өөрийн байр суурийг цаашид баримтлах уу, эсвэл цаашид сайдууд  огцорч магадгүй нөхцөлд хандлагаа өөрчлөх үү гэдэг нь одоо ойлгомжгүй байна гэж Ройтерс агентлаг цохон заажээ. 

Засгийн газрын тэргүүн хэрвээ ЕХ-ноос гарах өөрийнх нь төлөвлөгөөг хүлээн авахаас татгалзвал, Жонсон болон бусад сайдыг огцруулахаар амласныг долоодугаар сарын 7-нд “Таймс” сонинд бичсэн юм.

ЕХ-ноос Их Британийн гаргах тухай нийт ард түмний санал хураалт 2016 оны зургаадугаар сарын сүүлчээр болж, олонхи нь Brixit-ийг дэмжихээ илэрхийлсэн юм. Тус орон ЕХ-ноос бүрэн гарах шилжилтийн үеийг 2020 он хүртэл үргэлжлүүлэхээр уг нь төлөвлөж байсан юм. Гэвч Мэй энэ хугацааг 2022 он хүртэл сунгахыг хүсч мэднэ гэсэн мэдээ сүүлд нь гарчээ.

Тереза Мэй Эрүүл мэнд, нийгмийн хамгаалллын сайдаар ажиллаж байсан Жереми Хантыг Нэгдсэн вант улсын гадаад харилцааны сайдаар томилсон байна. Засгийн газрын тамгын  газраас даваа гарагт ингэж мэдээлжээ.


СЭТГЭГДЭЛ БИЧИХ