Наадмаар 62 хүүхэд төөрчээ

.

        Үндэсний их баяр наадмын өдрүүдэд цагдаа, дотоодын цэргийн алба хаагчид өндөржүүлсэн бэлэн байдалд ажилласан.

Хүй долоон худагт цагдаа, дотоодын цэргийн байгууллагын 1000 гаруй алба хаагч уралдааны аюулгүй байдлыг хангаж, наадамчин олныг гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх үүргийг гүйцэтгэн ажиллалаа. Тухайлбал, баяр наадмын хоёр дахь өдөр буюу долоодугаар сарын 12-нд соёолон насны хурдан морьдын уралдааныг үзэж сонирхсон 60-70 мянган иргэний амар тайван, аюулгүй байдлыг хангаж, 13 мянга орчим автомашины хөдөлгөөнийг зохицуулж ажиллав.

Наадмын өрдүүдэд цагдаагийн байгууллагад гэмт хэрэг, зөрчлийн шинжтэй 5000 гаруй дуудлага мэдээлэл бүртгэгдсэн байна. энэ нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад буурсан үзүүлэлт юм.

        Энэ жил баяр наадмын хурдан морьдын уралдааныг дагах автомашиныг зохион байгуулалттай болгож, дэг журамд оруулсан нь онцлог байлаа. Урьд урьдын жилүүдэд хурдан морины уралдааныг дунджаар 40-50 автомашин дагадаг байсан эмх замбараагүй асуудлыг цагдаагийн байгууллагаас цэгцэлж, яаралтай түргэн тусламж, мал эмнэлэг, телевиз, чиглүүлэгч зэрэг зайлшгүй дагах шаардлагатай найман автомашинд зөвшөөрөл олгосон юм. Уг зохион байгуулалтыг хийснээр хурдан морины уралдаан шударга явагдах болон уралдаанч хүүхдүүдийн аюулгүй байдлыг хамгаалахад чухал байлаа.

Мөн Төв цэнгэлдэх хүрээлэн болон Хүй долоон худагт худалдаа, үйлчилгээ, урлаг соёлын арга хэмжээ зохион байгуулагдах талбай, морь гараанаас барианы зурхай хүртэл хянах хяналтын камеруудыг суурилуулж, хяналт тавьж ажилласан нь үр дүнгээ өгч, ноцтой гэмт хэрэг, зөрчилгүй тайван наадлаа гэж Цагдаагийн ерөнхий газраас мэдээллээ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ