Уяачдын наадмаар М.Бадарч түрүүлэв

Тулгар төрийн 2227, Их Монгол Улсын 812, Ардын хувьсгалын 97 жилийн ойн үндэсний их баяр наадам өчигдөр Хүй долоон худагт Уяачдын наадмаар үргэлжилж, өндөрлөсөн билээ. Уяачдын наадамд улсын заан Б.Соронзонболд, улсын харцага А.Бямбажав, Г.Алтангэрэл, улсын начин Ц.Анхбаяр, улсын начин Ц.Одбаяр, мөн аймгийн арслан Ш.Мөнгөнбаатар, А.Алтанхуяг нараар манлайлуулсан хүчит 64 бөх зодоглон барилдав. Үзүүр түрүүний барилдаанд улсын заан Б.Соронзонболдтой Аймгийн арслан М.Бадарч арслан тааран тэрээр тун зоримог барилдаж зүүн талдаа халз хутган давснаар шигшээ барилдаан буюу уяачдын наадамд түрүүллээ. Улсын наадмын начны даваанд барилдаад үзчихсэн арслан тунчиг бяр тэнхээтэй, шийдэмгий, зоригтой харагдаж байлаа.
Барилдааны үеэр мөн улсын наадамд түрүүлсэн, улсын аварга Н.Батсуурь, үзүүрлэсэн улсын аварга Ч.Санжаадамба нарт давааны мөнгөн шагнал, цол чимгийн үнэмлэхийг гардуулав. Увс аймгийн нутгийн зөвлөлөөс улсын аварга болсон Н.Батсуурьд 'Хүннү' хороололд дөрвөн өрөө байр бэлэглэсэн юм.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ