Таж-Махалыг нурааж ч болох юм

Эрх баригчид хайхрамжгүй хандаж байгаагаас болоод Таж-Махалын мавзолейг нурааж болох юм гэж Энэтхэгийн дээд шүүхийн шүүгчид хатуу анхааруулжээ. “The Sydney Morning Herald” сонинд ингэж бичсэн байна.
Мавзолейг барьсан цагаан гантиг чулуунд засахын аргагүй хохирол учирсныг шүүх дурдаад, Энэтхэгийн болон Уттар-Прадеш муж улсын эрх баригчид энэ дурсгалт газрыг сүйрлийн ирмэгт хүргэснийг тэмдэглэсэн байна.
“Нэг бол бид Таж-Махалыг хаана, үгүй бол нураана, эс бол та бүхэн түүнийг сэргээн засварла” гэж шүүгчид засгийн газарт явуулсан илгээлтдээ анхааруулжээ.
Дээрх сонинд бичсэнээр, мавзолейг хамгаалах талаар арга хэмжээ аваагүй засгийн газрыг шүүх бас буруушаасан байна. Үйлдвэрийн газруудын үйл ажиллагаанаас болоод мавзолейн хана туурга сүүлийн 30 жилд шар хүрэн болон ногоон өнгөтэй болж өөрчлөгджээ.
Энэтхэгийн техникийн их сургуулийнхан асуудлыг шийдвэрлэхээр ажиллах бөгөөд дөрвөн сарын хугацаанд зохих илтгэл оруулж ирнэ гэж тус орны эрх баригчид илтгэсэн байна. Долоодугаар сарын 31-нээс өдөр бүр мавзолейн байдлын тухай асуудлыг сонсох бодолтой байгаагаа шүүх мэдэгджээ.
Таж-Махал бол Тамерланы удмын Их Моголын эзэнт гүрний Шах-Жахан хааны зарлигаар түүний гэргий Мумтаз-Махалын дурсгалд зориулан Ямуна голын эрэг дэх Агра хотод барьсан сүм-мавзолей юм. Гэргий Мумтаз-Махал нь арвандөрөв дэх хүүхдээ төрүүлэх үедээ насан өөд болжээ.
С.Инда
СЭТГЭГДЭЛ БИЧИХ