Путин: Хоёр талын харилцааны бэрхшээлд бодит шалтгаан байхгүй

ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин, АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп нар Хельсинкид хийсэн уулзалтаа өндрөөр үнэлэв.
"Анхны бүрэн хэмжээний уулзалтын явцад бид сайтар ярилцаж, бие биеэ илүү сайн ойлголоо. Хэлэлцээ илэн далангүй, ажил хэрэгч байдалд боллоо” гэж Путин тэмдэглэжээ.
Хельсинкид болсон Путин, Трамп нарын нүүр тулсан яриа бараг дөрвөн цаг үргэлжилсэн байна.
Орос, Америкийн харилцааны ээдрээтэй, түгшүүртэй байгаад бодит шалтгаан байхгүй гэж оросын төрийн тэргүүн үзэж байна. "Хүйтэн дайн аль хэдийнэ дууссан ч АНУ, Оросын харилцаа ээдрээтэй байгаа юм" гэж Путин онцлон тэмдэглэжээ.
“Хоёр орны үзэл суртлын хурц сөргөлдөөний үе аль эрт улиран өнгөрч, дэлхийн байдал эрс өөрчлөгдсөнийг” Оросын ерөнхийлөгч Владимир Путин Трамптай хамтран хийсэн хэвлэлийн хурал дээр мэдэгдсэн байна.
"Хэлэлцээ итгэлцэл, хамтын ажиллагааг сэргээх алхмыг төлөвлөх боломж олгож Орос, АНУ-ын харилцааны сөрөг байдлыг засч залруулахыг хоёр тал хүсч байгааг харуулснаас гадна, итгэлцлийн түвшинг сэргээн, эрүүлжүүлж, хамтын ажиллагааг өмнөх түвшинд буцаан оруулах эхний алхмуудыг төлөвлөлөө" гэж Путин хэлжээ.
“Өнөөдөр Орос, АНУ-ын аль аль нь огт өөр аюул, сорилттой тулгарч байна. Хүч чармайлтаа нэгтгэснээр л энэ бүх аюулыг давж гарч болно” гэж Оросын ерөнхийлөгч тэмдэглэсэн байна.
"Хельсинкийн уулзалт нь бие биеэ угтан тосох урт хугацааны, хэцүү бэрх замын дөнгөж эхлэл юм" гэж Дональд Трамп хэлжээ.
“Бидний харилцаа хэзээ ч ийм муу байгаагүй. Гэвч энэ харилцаа дөрвөн цагийн дотор өөрчлөгдлөө” гэж АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп мэдэгдэв. Путинтэй илэн далангүй, шууд шулуун ярилцсан гэж гэж Америкийн ерөнхийлөгч хэлсэн байна. Хоёр тал терроризмын эсрэг тэмцэх салбарт тусгай албадын түвшинд хэлхээ холбоогоо үргэлжлүүлнэ гэдгийг Цагаан ордны тэргүүн нотлоод, Оросын эрх баригчид АНУ-ын сонгуульд хөндлөнгөөс оролцож байсныг нөгөө талд мэдэгдсэн гэж мэдээлжээ. Путин хариуд нь Орос улс ийм үйлдэл хийгээгүй, хийх ч бодолгүй байна гэж онцлон тэмдэглэжээ.
Үүнээс гадна, Америкийн тал Украины зүүн өмнөд нутгийн мөргөлдөөнийг зохицуулахын тулд Минскийн тохиролцоог биелүүлэхийг Украины эрх баригчдаас идэвхитэй шаардаж болох юм гэдэгт Путин анхаарал хандуулсан байна.
Оросын ерөнхийлөгчийн хэлснээс үзвэл хоёр тал Сирийн байдал, Ираны цөмийн хөтөлбөрийн эргэн тойрны байдлыг хэлэлцэж, зарим нэг тохиролцоонд хүрчээ.
Орос, Америкийн бизнесийн удирдагчдыг нэгтгэх хамтарсан хэсэг байгуулахаар бас шийдвэрлэсэн байна.
Манай орныг ганцаардуулах гэсэн өрнөдийнхний санаархал бүтэлгүйтлээ гэж Владимир Путин үзэж байна. Тэр Хельсинкид АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамптай уулзсан дүнгийн талаар телевизийн Fox News сувагт өгсөн ярилцлагадаа ингэж мэдэгджээ.
Владимир Путин телевизийн нэгдүгээр сувагт өгсөн ярилцлагадаа "Дараа Ази болон Аргентинд болох дээд хэмжээний уулзалтын үеэр Дональд Трамптай уулзахад бэлэн байна. Гэхдээ одоогоор нарийн тов гараагүй байна" гэжээ.
С.Инда
СЭТГЭГДЭЛ БИЧИХ