БЗХӨ ирээдүй үеийг минь заналхийлж байна

Монгол улсад тулгамдаж буй олон асуудал бий. Тэдний нэг бол эрүүл мэндийн асуудал. Улс орон энх тунх оршин тогтноход нэг хүний эрүүл мэндээсч шууд хамаарна. Учир нь хүн ам цөөнтэй манайх шиг улс хүн амаа өсгөх бодлогыг баримталхаас удмаа булингартуулж, улс орноо эзгүйрүүлэх бодлого барихгүй гэдэгтэй хэн ч санал нийлэх байх.
Гэвч сүүлийн жилүүдэд манай улсад бэлгийн замын халдварт өвчин нэлээд газар авч “даврах” шинжтэй болсон тухай албаны эх сурвалж хэлж байна. Цөөрч болохгүй цөөхөн Монголчууд халдварт өвчинд нэрвэгдэх вий гэхээс эмээж эхэллээ. Халдварт өвчин судлалын үндэсний төвийн мэдээллээр бэлгийн замаар дамжих халдварын зонхилох халдвар 2018 оны долоодугаар сарын байдлаар 9277 бүртгэгдээд байна. Энэ үзүүлэлт нь өмнөх оны мөн үеэс 666 өвчлөл буюу 7.7 хувиар өссөн үзүүлэлт юм. Харин нийт өвчлөлийн 32.4 хувийг заг хүйтэн, 28.7 хувийг трихомониазын халдвар, 0.2 хувийг ХДХВ/ДОХ, харин хамгийн их хувийг буюу 38.7 хувийг тэмбүү эзэлж байна.
Энэ аюулт өвчний талаарх мэдлэг мэдээллийг бүр тодорхой үе шаттайгаар нийгэмд, тэр дундаа иргэдэд мэдлэг олгох, сэрэмжлүүлэг, мэдээлэл хэлбэрээр системтэй өгвөл илүү үр дүнтэй юм. Учир нь өнөөдөр энэ өвчний талаар мэдээлэл, мэдлэг муутай залуус хүүхдүүд олон байгаа.
Монголчуудын дунд бэлгийн замын халдварт өвчтэй есөн мянга гаруй хүн байна гэж бодохоор эвгүй санагдахгүй байна гэж үү. Яах аргагүй нийгэмд нэн тэргүүнд тулгамдаж буй том асуудал.
Төрөөс хэрэгжүүлж болох хамгийн энгийн зүйл бол гадны иргэдийг цусны шинжилгээнд хамруулдаг байх. Хил гааль дээр шинжилгээний лабораторитой болгочих. Ингэснээр халдвартай хүн нэвтрүүлэхгүй байх бүрэн боломжтой бөгөөд иргэдээ гаднынхны тээж ирэх өвчнөөс хамгаалах болно.
Эрүүл мэндийн яам тодорхой бодлоготойгоор эрүүл мэндийг боловсролыг бүх нийтэд хүргэх, МХЕГ-аас олширсон жижиг, том зочид буудлуудад шалгалт хийж тэдэнд хяналт тавих, шаардлага хангаагүйг нь хаах, архины худалдааг багасгах гэсэн хэд хэдэн зүйлүүдийг анхааралдаа авчихвал энэ өвчний гаралт нь багасч, үр нөлөөгөө ч өгнө.
Амьдарч буй нийгэм маань стресстэй, амьдрал тааруу байна гээд өөрсдийн эрүүл мэндийг золионд гаргах эрх байхгүй. Наад зах нь хүн бүр дор бүрнээ хариуцлагатай болчихвол цусанд чинь булингар татуулахаар эргэлдэж буй энэ мэт халдварт өвчнөөс айх шаардлагагүй л болно.
Т.Намуу
СЭТГЭГДЭЛ БИЧИХ