17 настай хүү амиа алдсан осолд барилгын гүйцэтгэгч компаниуд уучлал гуйлаа

Энэ сарын 8-нд барилгын өргөгч краны тросс тасарч, 17 настай залуу амиа алдсан хэрэг гарсан. Тус осолтой холбоотойгоор өнөөдөр барилгын гүйцэтгэгч компаниудын төлөөлөл мэдээлэл хийлээ. Энэ үеэр тэд осол "Хүннү" хороололд буюу "Хурд" группийн барилгын хашаанд гарсан ч "Хурд" групптэй холбоогүй гэдгийг онцолж хэлсэн юм. Түүнчлэн барилгын гүйцэтгэгч компаниудын удирдлагууд сүүлийн жилүүдэд барилгын салбарт гарсан ослын талаар мэдээлэл хийж, осолд өртөж гэмтэж бэртсэн, амиа алдсан иргэдийн ар гэрийнхэн, төрөл төрөгсдөөс уучлалт гуйлаа.
Энэ талаар тэд хэлэхдээ “Барилгын аж ахуйн хашаанд гэнэтийн осол гарч, эрдэнэт хүний амь нас эрсэдсэнд эмгэнэл илэрхийлж, уучлал гуйж байна. Бараа материал зөөх буюу автокраны тросс тасарч осол гарсан. Одоогоор энэ хэргийг шүүх, хууль хяналтын байгууллага шалгаж байна” хэмээн мэдэгдлээ.
Мөн “Буянт бор хайрхан” компанийн захирал н.Лхагва хэлэхдээ “Бид барилгын засал чимэглэлийн ажил гүйцэтгэдэг. 2015 онд Нарны хорооллын 18-р байранд ажил үүргээ гүйцэтгэж явсан ажилтан санамсар болгоомжгүй байдлаасаа болж тогонд цохиулж амь насаа алдсан харамсалтай хэрэг гарч байсан.
Тухайн үед Мэргэжлийн хяналтын байгууллагад шалгуулан хуулийн өмнө хариуцлагаа хүлээж байсан. Ёс зүйн хувьд ард түмнээсээ уучлалт гуйж байна. Бидний алдаа дутагдал бүрийг “Хурд групп” болон УИХ-ын гишүүн Б.Чойжилсүрэнд үүрүүлж, хэвлэл мэдээллийн хэрэгслээр янз бүрээр мэдээлж байгаа нь ёс зүйд нийцэхгүй гэж үзэж байна” гэлээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ