Хуучин вагон шахсан хариуцлагыг хүлээх эзэн үлдсэн үү?

Төмөр замынхныг тойрсон ярвигтай асуудлуудыг сөхвөл дуусахгүй. Монгол улсын хөгжлийг хурдасгах гол түлхүүр болсон энэ салбарынхны дэндүү хариуцлагагүй үйл ажиллагаанаас болоод улс орон хохирсон нь маш их. Эцэс сүүлдээ эрдэнэт хүний амь насыг хохирч байж сая нэг ажлаа өгцгөөж эхэллээ.
Гэвч үүний өмнө шийдэгдэж дуусаагүй асуудал бий. ОХУ-аас оруулж ирсэн 25 жил тээвэрлэлт хийсэн Орос улсдаа ашиглагдахаа больсон мянган ширхэг вагоныг өндөр үнээр худалдаж авсан дуулиан.
Угтаа хуучин вагон авах саналыг анхлан Д.Ганбат сайд байхдаа гаргасан гэх. Тээвэрлэлт нэмэгдсэн учраас ОХУ-д 8-10 жил ашигласан вагон оруулж ирэх талаар Д.Жигжиднямаад үүрэг чиглэл өгснөөр өнөөх нь дэд сайд асан Б.Цогтгэрэлтэй хамтарч, акталсан, “араг төмөр” болох шахсан 25 жил ашигласан 1000 вагоныг оруулж иржээ. Эдгээр вагоныг ОХУ-ын талаас нэгийг нь 4000 ам.доллараар өгөх саналтай байсан ч эрхэм дэд сайд, сайд нар мөнгө угаахын тулд бодит үнийг 2 дахин нэмж нэг бүрийг нь 9-10 мянган ам.доллараар оруулж ирсэн гэж олон нийт харддаг.
Энэ талаар өмнөх Зам тээврийн сайд Д.Ганбат: “Миний өгсөн үүрэг даалгаврыг мушгин гуйвуулж, өөрт ашигтай наймаа болгож, халаасаа зузаалсан байна лээ” гэх баттай, баримтуудыг ярьсан.
Гэтэл одоо 1000 вагоны ченжүүд хэн болох нь тодорхойгүй нэг ёсондоо “эзэнгүй” болчихлоо. Учир нь энэ салбарт гарсан хүн амины хэрэг, вагон осолдсон гэх маш том асуудлаас болоод Зам тээврийн хөгжлийн сайд Ж.Батэрдэнэ, ЗТХ-ын дэд сайд Б.Цогтгэрэл нар ажлаа хүлээлгээд өгчихлөө. Угтаа ОХУ-аас оруулж ирсэн акталсан вагоны дуулиант хэргийн эздэд дэд сайдыг оруулж нэрлэдэг. Гэвч томхон асуудлаас хөнгөхөн, ёс зүйтээхэн мултарсан эдгээр хүмүүст одоо вагоны асуудал жинхэнэ “падгүй” болсон биз.
ЗТХ-ийн сайд асан Д.Ганбатын хэлснээр “халаасаа зузаатгасан байна лээ” гэсэнчлэн гарсан хэргээр хаацайлж ёс зүй ярьчхаад өмнөх хэргээ ч дурсах сөхөөгүй явсан. Энэ нь нэг бодлын мянган вагоноос будлиулсан хөрөнгөөр халаасаа дүүргэчихээд “додигор” байгаа нь энэ гэх цагаахан хар ч төрнө. Тэгэхээр одоо нэг мянган ширхэг вагоны хариуцлагыг хэн хүлээх вэ?
Зарим нэг нь бүр нас залуу, цус шингэн, дэлхий ертөнц уужим, хийх ажил их байна гээд инээмсэглэсэн зургаа олон нийтийн сүлжээнд цацчихаад л яваад өглөө.
Т.Намуу
СЭТГЭГДЭЛ БИЧИХ