Галт тэрэгний ослын улмаас хүнд бэртсэн эмэгтэй хотод эмчилгээ хийлгээд буцаж явжээ

Энэ сарын 12-ны 01:35 цагаас Дорноговь аймагт усархаг аадар бороо орсны улмаас үер бууж, Улаанбаатар-Сайншанд чиглэлийн 747 дахь км буюу Цомог-Айраг өртөө хооронд төмөр замын суурь бүтэц үерийн усанд автан, 286 дугаартай галт тэрэг унаж осолдсон харамсалтай хэрэг гарсан. Тус галт тэргээр нийт 328 хүн зорчиж явснаас хоёр иргэний биеийн байдал хүнд байгаа талаар албаныхан мэдээлсэн.

Өнөөдрийн байдлаар ослын улмаас гэмтэж бэртсэн 48 настай эмэгтэйн биеийн байдал дээрджээ. Тэрбээр нөхөр, хүүхдүүдийн хамт унтлагын галт тэрэгний бие засах өрөөний хажууд буюу хамгийн захад зорчиж явсан аж. Осол хормын төдийд болж өнгөрч, доод талын орон дээр унтаж байсан хохирогч эмэгтэй ганцаараа орондоо хавчуулагдан дарагдсан байжээ.

Энэ сарын 13-ны өдрийн 01:00 цагт ГССҮТ-ийн эмч нарын баг бүх шинжилгээ хийн, зураг авч, түүнд яаралтай хагалгаа хийсэн байна. Тэрбээр Улаанбаатар хотод нөхрийн хамт арав хоногийн турш ардын эмчилгээ хийлгээд, харьж явсан ажээ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ