Приус машинтай явсан хоёр хүн үерт өртөн амиа алджээ

Наймдугаар сарын 12-ны өдөр усархаг бороо орсны улмаас Дорноговь аймгийн Айраг суманд галт тэрэгний осол гарсан. Мөн хүчтэй үер буусны улмаас олон айл өрх усанд автсан билээ. Онцгой байдлын газрын дэд дарга, хурандаа Б.Ууганбаяр “Өнгөрсөн амралтын өдөр шөнийн 01:30-03:00 цаг хүртэл хүчтэй аадар бороо орсны улмаас төмөр замын далан усанд авсан.
Өдрийн 10 цагт 10 орчим айл усанд авсан байдалтай байсан. Оройны 11 цагт 21 айл усанд автлаа гэсэн мэдээлэл нэмэгдсэн. Тэнд байж байхад хоёр айлын яндан нь цухуйсан байдалтай байсан юм. Айраг сумын нэг онцлог нь Айраг сумыг тойроод тойром байдаг. Тэр тойром дээр нь айлууд буусан байсан учраас гэр нь усаар дүүрсэн. Тэр өдөртөө багтааж аймгийн онцгой байдлын газраас хүмүүсийг нүүлгэн шилжүүлсэн юм.
Тухайн өдөр үер буух үед “Приус” машинтай явсан хүмүүсийн хоёр нь газар үзэх гэж буугаад үерт өртөн амиа алдсан. Энэ жил маш бага талбайд асар их хүчтэй бороо орж байна. Одоогоор үерийн улмаас найман хүн нас барсан. Нийт энэ жил 67 хүн нас барсны дотор хоёр настай охин хүртэл байсан нь харамсалтай.
Өглөө нартай байж байгаад өдөр нь усархаг бороо орж байна. Долоо, найман сарыг хүмүүс амралтын үе гэж ярьдаг. Жижиг оврын машинтай хүмүүс их хөдөө гарч байна. Тиймээс ирэх есдүгээр сард ч мөн адил усархаг бороо орох тул өөрийн аюулгүй байдлаа хангаж, амь насаа хамгаалан, аялал зугаалгаар явахдаа сонор сэрэмжтэй байхыг анхааруулж байна” гэлээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ