Зунаас зуны хооронд биш , зуун дамжих зам барьцгаая

Долоодугаар сараас эхэлсэн усархаг борооноор үүссэн хор хохирол одоо ч үргэлжилсэн хэвээр. Нийт хохирлыг материаллаг талаас нь харвал замын эвдрэлүүд голлох байр эзлэх нь тодорхой. Үргэлжлэн орсон бороо орон нутгуудаар зогсох шинжгүй байгаагаас Улс даяар зам д л гэхэд нийт хэдий орчим төгрөгийн гарз гарсан тухай тогтоож амжаагүй бололтой.
Гэхдээ Нийслэлийн авто замын хөгжлийн газар наймдугаар сарын эхний долоон хоногт хийсэн судалгаагаар улсын хэмжээнд 10 мянган метр квадрат авто замуудад эвдрэл үүссэн нь тогтоогджээ. Тэгэхээр чамгүй их өртгөөр авто замуудыг шинэчлэх, засварлах ажил явагдах нь тодорхой боллоо.
Яг энэ үеүдэд зам засварын компаниуд эрчээ авч, үндсэндээ тэдний бизнес цэцэглэж эхэлнэ гэж хэлэхэд болно. Гэвч манай зам засварын компаниуд ажилдаа хэр хариуцлагатай, ном журмын дагуу хийдэг эсэхийг жил бүрийн зун орох бороо илчлээд өгчихдөг.
Үндсэндээ нэгхэн жилийн настай, ганцхан сарын хугацаанд орох борооны ая даахааргүй зам хийчхээд өнөөх нь айхтар өртгөөр босно. Гэвч эдгээр хөрөнгө, мөнгө бүхэлдээ зам засвар, шинэчлэлдээ зориулагддаг уу гэвэл үгүй. Замын өргөн, нарийн, зузаанаас нь гээд хэд хэдэн хэрчим “цавччихвал” дундаас нь хөөрхөн хэдэн төгрөг бултуулчхаад үлдсэн хөрөнгөндөө тааруулж ажлаа хийнэ. Гэтэл өнөөх замууд нь аль хэдэн жилийн өмнөх стандарт горимын баримталсан, ус зайлуулах хоолой байхгүй, үндсэндээ олон улсын байтугай авто замын стандартдаа ч нийцээгүй байдаг. Өнөөх нь бүтэн нэг жилийн турш хэд хэдэн удаа засварт орно.
Засмал замд шаардлагатай хамгийн гол зүйл бол ус зайлуулах шугам, суваг шуудуу. Тэгэхээр манайхан шаардлагагүй зүйлд асар их хэмжээний хөрөнгө, мөнгө үрж, хий дэмий салхинд хийсгээд зам нь ч олигтой зүйл бололгүй дуусдаг.
Ингээд харахаар тодорхой стандартын дагуу хийгдээгүй замд манай улс төсвийнхөө бараг тэн хагасыг зориулчихна. Гаднынхан хэдий чанартай, удаан наслалттай зам хийдэг ч “хүний нохой идэхээс, өөрийн нохой ид” гэж тэдэнд хэдэн зуун тэрбумаар нь хөрөнгө оруулж байхаар, дотооддоо хөрөнгө оруулсан нь бидэнд ашигтай. Тэгэхээр манайхан яах ёстой вэ гэхээр авто замаа стандарт норм, нормативынхаа дагуу хийгээд л сурчих. Авто замыг санхүүжүүлсэн хөрөнгө, мөнгө замдаа л зориулагдаг.
Өөрсдөө чанартай хийгээд сурчихвал ядахдаа л гаднынхныг царайчлахгүй. Тэгэхээр зассан ч тэр, нөхсөн ч тэр, бүтнээр нь шинэчлэх ч тэр бүх үйл ажиллагаагаа стандартын дагуу явуулж өөр өөрсдийн ажлаа хийсэн шиг хийдэг баймаар байна. Нэг ёсондоо зунаас зуны хооронд биш зуун дамжсан насжилттай зам бүтээмээр байна.
Т.Намуу
СЭТГЭГДЭЛ БИЧИХ