Цагдаагийн дарга нар нөхөн сэргээлт нэрээр хууль зөрчин олборлолт явуулсан хэрэгт холбогджээ

Ховд аймгийн Цэцэг сумын Баян-Овоо багийн нутаг, Цагаан эрэг хэмээх газарт эвдэрсэн газрын нөхөн сэргээлт хийх нэрээр олборлолт явуулж байсан "Өгөөжтэй өв" гэх ХХК бүхэл бүтэн гурван жилийн турш нөхөн сэргээлт хийх нэрээр олборлолт хийж, гянтболд гадагшаа зөөсөөр байжээ. Түүнийг тухайн орон нутгийн удирдлагууд болон хууль хяналтын байгууллагын эрх бүхий албан тушаалтнууд мэдэж байсан, тэр ч бүү хэл тухайн хууль бус ажиллагаанд нь оролцсон байж болзошгүй эрүүгийн гэмт хэргийг АТГ-т шалгаж буй талаар бид өмнө нь мэдээлсэн.
Тодруулбал, "Өгөөжтэй өв" гэх ХХК "Цагаан эрэг"-ийн нөхөн сэргээлтийн ажлыг 2016 оноос эхлэн хийж эхэлсэн ч бодит үр дүнд хүрэхгүй байсаар гурван жилийн нүүр үзжээ. Мэргэжлийн байгууллагууд шалгахад нөхөн сэргээлт хийх нь бүү хэл хууль зөрчин олборлолт явуулж, зохих зөвшөөрөлгүй голын усны гольдрил өөрчилсөн, ашигласан бохир усаа голын ус руу шууд нийлүүлж, бохирдуулж байсан нь илэрсэн байна.
Тус компани тухайн газарт баяжуулах төхөөрөмж суулгаж, гянтболд олборлох үйл ажиллагаа явуулж байсан нь Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1, Ашигт малтмалын тухай хуулийн долдугаар зүйлийн 7.3, Усны тухай хуулийн 26.1, 30.6 зэрэг заалтыг тус тус зөрчсөн байна.
-ТЭДНИЙГ 20000 АМ.ДОЛЛАР ХАХУУЛЬД АВЧ БАЙГААД ҮЙЛДЭЛ ДЭЭРЭЭ БАРИГДСАН ХЭМЭЭН МЭДЭЭЛЖ БАЙВ-
Эл хэрэгт холбогдсон хууль хяналтынхан эхнээсээ тодорхой болж байна. Тодруулбал, өнгөрсөн зургадугаар сард нэр бүхий сонин болон мэдээллийн хэрэгслүүдээр Ховд аймгийн Цагдаагийн газрын дарга, хурандаа Ц.Ганболд, Сонгинохайрхан дүүргийн Цагдаагийн III хэлтсийн даргаар ажиллаж байсан, дэд хурандаа С.Батзаяа нарыг бусдаас 20 мянга гаруй ам.доллар хахуульд авч байгаад үйлдэл дээрээ баригдсан учир АТГ-аас цагдан хорьж, улмаар хэд хэдэн хүнийг холбогдуулан шалгаж эхэлсэн хэмээн мэдээлж байв.
Гэтэл тэдний холбогдсон авлигын хэрэг явж явж дээрх нөхөн сэргээлт хийх нэрээр ашигт малтмал олборлосон хэрэг гэдгийг эх сурвалж мэдээлж байна. Баттай эх сурвалжийн мэдээлж буйгаар, “Өгөөжтэй-Өв” ХХК-ийн захирал Ч, “Белон” ХХК-ийн захирал Б нар нь хууль бусаар ашигт малтмал олборлох, тээвэрлэх үйл ажиллагаа явуулахдаа орон нутгийн удирдлагууд болон дээрх цагдаагийн газрын дарга нарыг татан оролцуулсан байна.
АТГ-аас эл хэргийг зохион байгуулалттай гэмт бүлэглэлийн шинжтэй гэж үзсэн тул эрүүгийн хэрэг үүсгэж, гэм буруутай этгээдүүдэд хариуцлага хүлээлгэхээр уг хэргийг шүүхэд шилжүүлэх саналтайгаар прокурорын байгууллагад шилжүүлжээ. Одоо прокуророос тэдэнд яллах дүгнэлт үйлдэж, шүүхэд шилжүүлснээр хэрэг шүүхээр эцэслэн шийдвэрлэгдэх юм.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ