Сэргээн босголтын ажиллагаанд 200 гаруй сая төгрөг зарцуулаад байна

Дорноговь аймгийн Айраг сумын нутаг дэвсгэрт наймдугаар сарын 12-ны өдрийн 01:35 цагаас эхлэн усархаг аадар бороо орсны улмаас үер бууж Улаанбаатар-Сайншанд чиглэлийн 747 дахь км (Цомог-Айраг өртөө хооронд)-т төмөр замын суурь бүтэц үерийн усанд автсан. УБТЗ-ын Удирдах газрын дарга Д.Жигжиднямаа, УБТЗ-ын нэгдүгээр орлогч дарга И.В.Милостных нарын хүмүүс төмөр замын сэргээн босголтын ажлын талаар мэдээлэл хийлээ.
Байгалийн давагдашгүй хүчин зүйлийн улмаас учирсан хохирлыг арилгахын төлөө төмөр замчид шаргуу ажилласны хүчинд галт тэрэгний хөдөлгөөн 2018.08.13-ны 22:18 минутад нээгдэж, зорчигч тээврийн болон ачаа тээврийн хөдөлгөөн саадгүй үргэлжилж эхэлсэн. Гэвч сэргээн босголтын ажил бүрэн дуусаагүй бөгөөд сүүлийн бүрэлдэхүүнийг өнөөдөр босгож байгаа аж.
Осолдсон галт тэргэнд зорчиж явсан 328 хүнд эмнэлгийн үзлэг хийн, 81 хүн эмнэлгийн туслалцаа авсан байна. Зорчигчдоос хоёр хүний биеийн байдал хүнд, тогтвортой гэсэн оноштойгоор Говь-Сүмбэр аймгийн эмнэлэгт эмчлүүлж байгаа аж.
Сэргээн босголтын ажлын хүрээнд 200 метр төмөрзам шинээр баригдсан бөгөөд сэргээн босголтын ажилд ОХУ-ын Дорнод, Сибирийн Улаан-Үд дэх сэргээн босголтын бие бүрэлдэхүүн ирж, ажилласан байна. Хохирлын хэмжээг эцэслэн тогтоогоогүй бөгөөд урьдчилсан байдлаар сэргээн босголттой холбоотой зардалд 200 гаруй сая төгрөгийн хөрөнгө зарцуулсан болохыг УБТЗ-ын удирдах газрын дарга Д.Жигжиднямаа хэллээ.
Сэргээн босгох ажиллагаанд Дорноговь аймгийн Онцгой байдлын газар, цагдаагийн байгууллага, Зэвсэгт хүчний 281, 336 дугаар анги, Сайншанд сумын Төмөр замын цэрэгжүүлсэн анги, Говьсүмбэр аймгийн Төмөр замын цэрэгжүүлсэн хамгаалалттай гал унтраах анги, Дорноговь аймгийн Эрүүл мэндийн газар, Төмөр замын байгууллагын ажилтан зэрэг нийт 486 хүн, 106 автомашин, техник хэрэгсэлтэйгээр ажилласан байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ