Ассанжийн бие муудаж байна

Олон улсын арилжааны бус “Wikileaks” байгууллагыг үндэслэгч Жулиан Ассанж хүнд өвчилж, удахгүй үхэж мэдэхээр байгаа гэж түүний өмгөөлөгч Грег Барнс нотолж байна.
Түүний хэлснээр Ассанж, төрөлжсөн тусгай эмнэлэгт эмчлүүлэх шаардлагатай байгаа ч, Лондон хот дахь Эквадор улсын элчин сайдын яамнаас гадагш гарч чадахгүй болсоор зургаан жил болж байгаа ажээ. Учир нь Британийн цагдаа нарт баривчлагдаж, улмаар АНУ-д хүргэгдэж ч мэдэх юм.
Ассанжийг эмчлүүлэх хугацаанд халдашгүй байдлыг нь хангах баталгаа гаргаж өгөхийг түүний өмгөөлөгч Британийн эрх баригчдаас хүсэх бодолтой байгааг “Дейли мэйл” сонинд мэдээлжээ. Түүний эрүүл мэнд муудаж байгаа талаар түрүүнд нь хүний эрх хамгаалагчид ч олон удаа ярьж байсан юм.
“Wikileaks”-ийг үндэслэгч Жулиан Ассанж 2012 оноос Лондон хотод Эквадорын элчин сайдын яаманд сууж байгаа билээ. Шведээс АНУ-д шилжүүлэн өгөх аюул бий болсны дараа Эквадор улс түүнд тодорхой бус хугацаагаар улс төрийн шалтгаанаар хоргодох эрх олгосон юм.
Америкийн эрх баригчид төрийн департаментын нууц мэдээллийг задруулсан Ассанжийг шүүхийн тулд түүнийг шилжүүлэн өгөхийг шаардаж байгаа юм. АНУ-д ийм нууц мэдээлэл задруулсан хүнд бүх насаар нь хорих юмуу цаазаар авах ял оноодог байна.
С.Инда
СЭТГЭГДЭЛ БИЧИХ