Вьетнамын ерөнхийлөгч маш ховор цусны хавдраар нас баржээ


  Баасан гарагт 62 настайдаа нас нөгчсөн БНСВУ-ын   ерөнхийлөгч Чан Дай Куангийн үхлийн  шалтгаан нь вирусийн гаралтай цусны ховор төрлийн хавдар байлаа гэж Эрүүл мэндийн төв газрын зөвлөх Фам Зя Кхай мэдэгдсэн байна. Мэдээний VietNamNet порталд  бичсэнийг иш татан ТАСС агентлаг ингэж мэдээлжээ.

 

Өмнө нь Вьетнамд ийм вирусийн халдвар авсан өвчтөн  бүртгэгдэж байгаагүй юм гэж коммунист нам, вьетнамын төрийн удирдагчдын эрүүл мэндийг хариуцдаг уг газрын төлөөлөгч тэмдэглэсэн байна.

“Энэ нь вирусийн гаралтай цусны маш ховор төрлийн хавдар бөгөөд ийм төрлийн өвчний тухай статистикийн мэдээ дэлхийд огт байдаггүй, тиймээс энэ вирусийн эсрэг ямар ч тусгай эм бэлдмэл байхгүй юм” гэж Фам Зя Кхай хэлжээ.

Зарим тохиолдолд чөмөг шилжүүлэн суулгах замаар цусны хавдрыг эмчилдэг ч,  эмчлүүлэгчдэд бүрэн эдгэрэх магадлал маш өчүүхэн юм гэж профессор тэмдэглэсэн байна.

Чан Дай Куангийн  өвчин 2017 оны долоодугаар сард илэрчээ. Өнгөрсөн жилийн хугацаанд ерөнхийлөгч өөрийн оронд эмчилүүлсэн төдийгүй, Японд зургаан удаа явсан байна. Гэвч аль ч эмчилгээ тус болоогүй бөгөөд өвчин маш  хурдацтай  байжээ.

Пүрэв гарагийн үдээс хойш Чан Дай Куангийн биеийн байдал гэнэт  муудаж, түүнийг  Ханой хотын цэргийн эмнэлэгт хүргэсэн байна. Орой нь ерөнхийлөгч комд орж, ухаан оролгүй байсаар  баасан гарагт нас баржээ.

С.Инда

СЭТГЭГДЭЛ БИЧИХ