Иранд цэргийн парадын үеэр террорын ажиллагаа үйлджээ

Бямба гарагийн өглөө Ираны Ахваз хотод цэргийн парадад оролцогчид болон үзэгчид рүү автомат буугаар буудсан террористууд 29 хүний аминд хүрчээ.

 Ираны өмнөд нутгийн Ахваз хотод болсон террорын ажиллагааны улмаас 29-өөс цөөнгүй хүн амь үрэгдэж, бас 60 хүн шархадсан байна.

Al-Alam агентлагийн уламжилснаар,  амь үрэгдэгсдийн тоо нэмэгдэж болох бөгөөд  шархадсан зарим хүний биеийн байдал хүнд байгааг Хузестан мужийн захирагч Али Хусейн Хусейнзаде үгүйсгэхгүй байгаа ажээ.Амь үрэгдэгсдийн дунд Исламын хувьсгалыг хамгаалагчдын корпусын цэргийнхэн, нэг эмэгтэй, бага насны  хүүхэд, түүнчилэн нэг сэтгүүлч байна.

Есдүгээр сарын 22-ны өглөө зэвсэглэсэн этгээдүүд Ахваз хотод цэргийн парадад  оролцогчид болон үзэгчид рүү гал нээжээ. Дөрвөн террорист арван минутын турш хүмүүс рүү буудаж, дээд тушаалын офицерууд байсан индэрт хүрэх бодолтой байсан байна. Гэвч хэв журам сахиулагчид тэднийг зогсоожээ. Тийнхүү тэдний хоёрыг нь  устгаж, хоёрыг нь саатуулсан байна.

Террорын ажиллагаа  үйлдсэнээ “Исламын улс” бүлэглэл хүлээжээ.  Тэд АНУ болон Израилийн тагнуулын “Моссад” албатай холбоотой бөгөөд исламын дайчид биш гэж Ираны зэвсэгт хүчний төлөөлөгчид хэлсэн байна.

С.Инда

СЭТГЭГДЭЛ БИЧИХ