АНУ Хятадад нефть өгөхөө больж байна

Хоёр орны хооронд худалдааны дайн болж байгаагаас болоод АНУ Хятадад түүхий нефть нийлүүлэхээ бүрэн зогсоожээ. Хөлөг онгоцны “China Merchants Energy Shipping” (CMES) компанийн ерөнхийлөгч Се Чуньлин Гонконгод салбарын жил тутмын дээд хэмжээний уулзалтын үеэр ингэж ярьсныг Ройтерс агентлаг уламжилсан байна.
“Манайх АНУ-аас Хятадад түүхий нефть тээвэрлэгч гол компанийн нэг юм. Худалдааны дайн эхлэхээс өмнө бүх ажил сайн явж байсан, харин одоо бүх зүйл зогсчихлоо” гэж тэр дурдаад, энэ нь хөлөг онгоцны тээвэрлэлтэд муугаар нөлөөлнө гэж хэлсэн байна.
Наймдугаар сард АНУ-аас 9,7 сая баррель нефть авч байсан бол, есдүгээр сард 0,6 сая болж буурсан статистикийн мэдээ гарсныг дээрх агентлаг дурджээ. Он гарсаар нийлүүлэлтийн хэмжээ хэлбэлзэж байсан ч, 4,4 сая баррелиас буурч байгаагүй байна.
2018 оны эхнээс АНУ, Хятадын хооронд худалдааны дайн болж байгаа бөгөөд хоёр тал янз бүрийн барааны гаалийн татварыг харилцан нэмэгдүүлж байгаа юм. Трамп Хятадын талыг шударга бус ажиллаж байна хэмээн зэмлэж, хоёр талын худалдааны баланс хэтэрхий тэнцвэргүй байна хэмээн гомдоллож байсан юм. Сүүлд нь тэр худалдааны талаар Хятадыг ялж, энэ орон АНУ-ыг эдийн засгийн талаар гүйцэж чадахгүй болж байна гэж мэдэгдсэн билээ. Блумберг агентлагийн дүгнэснээр, худалдааны дайны алдагдлаас болоод оны дүнгээр Хятадын дотоодын нийт бүтээгдэхүүн 6,6 хувиар өсөх нь 1990 оныхоос хамгийн бага болох ажээ.
С.Инда.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ