Биеийнх нь 95 хувь түлэгдсэн нүүрс тээврийн жолооч эмчилгээний зардалгүй байна гэв

-“ОМОГ ЦАГААН ШОНХОР” КОМПАНИЙН НҮҮРС ТЭЭВЭРЛЭХ ЭРХИЙГ ЗОГСООЖ, ХОХИРЛЫГ БАРАГДУУЛАХЫГ ШААРДАЖ БАЙНА -

Гашуунсухайт боомтын чиглэлд 166 аж ахуй нэгж байгууллага нүүрс тээвэрлэлтийн үйл ажиллагаа явуулдаг. Үүний нэг нь “Омог цагаан шонхор” ХХК бөгөөд энэ сарын 9-ний өдөр тус компанид жолоочоор ажилладаг Д.Дашдоржийн жолоодож явсан машины бүхээгт гал гарсны улмаас биеийнх нь 95 хувь түлэгджээ. Харин машины бүхээг нь бүхэлдээ шатсан байна.

Ослын шалтгааныг нүүрс тээвэрлэдэг машинуудад хэрэглэж буй зориулалтын бус агааржуулалт, халаагуурын сэнстэй холбоотой хэмээн үзэж байгаа аж. Энэ талаар Монголын Эрчим хүч, геологи, уул уурхайн үйлдвэрчний эвлэлийн холбоо, Тээвэр холбоо, газрын тосны үйлдвэрчний эвлэлийн холбоо болон иргэн Д.Дашдоржийн ар гэрийнхэн мэдээлэл хийлээ.

Монголын Эрчим хүч, геологи, уул уурхайн үйлдвэрчний эвлэлийн холбооны дарга Х.Буянжаргал “Улаанбаатар хотын харьяат иргэн Д-г нүүрс тээврийн машинаа жолоодож байх үед нь кабинд нь гал гарсан. Автомашины кабин 100 хувь шатсан. Ослоос амьд гарсан ч энэ хүн өнөөдөр ухаангүй байна. Үнэхээр харамсалтай байна. 2018 оны арванэгдүгээр сарын 8-ны өдөр “Эрдэнэс тавантолгой”-н уурхайгаас нүүрс ачиж гарсан. Гэтэл нүүрс тээвэрлэдэг “Омог цагаан шонхор” компанийн зүгээс хүнээ аврахын тулд хамтарч ажиллана гэсэн боловч мөнгө гаргах боломжгүй байна гэсэн. Энэ компанийн нүүрс тээвэрлэх эрхийг зогсоож хохирлыг барагдуулахыг шаардаж байна.

ХАБЭА тухай хууль, Хөдөлмөрийн тухай хуульд зааснаар осол гаргасан компани энэ ажилтны эмчилгээний бүх зардлыг гаргах хуультай. Монгол Улсын төр хүчгүй байна. Өнөөдрийг хүртэл хууль хяналтын байгууллага нэг ч мэдээлэл өгөөгүй байна. Монголын хуулийг мөрдөхгүй байгаа тул энэ компанид хариуцлага тооцож, энэ иргэнийг амьд мэнд байлгаж, эрүүл мэндийг нь нөхөн сэргээхэд Монголын төр анхаарлаа хандуулахыг шаардаж байна. Хохиролд өртсөн иргэн Д-ийн нөхөн төлбөрийг яаралтай гаргахыг шаардаж байна. Арьс нөхөхөд их хэмжээний мөнгө шаардлагатай байна” гэлээ.

Хохирогчийн эхнэр н.Туул “Манайх ам бүл тавуулаа. 1-8 насны гурван хүүхэдтэй. Нөхөр маань гэр бүлээ тэжээдэг ганц хүн. Осол шөнийн 02:00 цаг орчимд гарсан. Одоогоор даралт хэлбэлзэлтэй, зүрх судасны үйл ажиллагаа хүнд, шокийн байдалтай байна. Осол гарснаас хойш “Омог цагаан шонхор” ХХК-тай уулзахаар хоёр удаа уулзалт товлосон. Эхний удаад 16:00 цагт уулзана гэчхээд шөнийн 23:00 цаг өнгөрч байхад ирсэн.

Дараагийн удаад эмчтэй нь уулзъя гэсэн. Тэгэхээр нь 11:00 цагт эмчийг нь хүлээлгэсэн байхад 16:00 цагт ирсэн. Иймэрхүү байдалтай бидэнтэй харьцаж байна. Мөн Хятадын талаас эмчилгээний мөнгийг гаргахгүй гэсэн байр суурьтай байна гэдгийг уламжилсан. Үнэхээр гомдолтой байна. Хамгийн чухал эмчилгээ нь донор арьс нөхөх эмчилгээ. Гэтэл Монголд байгаа нөөц нь маш хангалтгүй тул гаднаас захиалж авчрах шаардлагатай байна” гэсэн юм.

Хандивын данс: 5721594599 Туул


СЭТГЭГДЭЛ БИЧИХ