Согтуурч, мансуурч донтох эмгэгтэй хүмүүсийг нийгэмшүүлэх сургалт боллоо

“Хууль зүйн судалгаа мэдээллийн төв” төрийн бус байгууллагаас Төв аймгийн Баян суманд байрлах ШШГЕГ-ын харьяа Согтуурах, мансуурах донтой өвчтөнг албадан эмчлэх, албадан хөдөлмөр хийлгэх газрын эмчлүүлэгч нарт 2018 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр сэтгэл санааны заслын чиглэлээр сургалт зохион байгуулжээ.
Тус сургалтыг Хууль зүй, дотоод хэргийн яамны согтуурч мансуурч донтох эмгэгтэй хүмүүсийг нийгэмшүүлэх чиглэлээр сургалт, үйл ажиллагааг орон нутагт зохион байгуулах ажлын хүрээнд явуулсан бөгөөд тухайн газарт албадан эмчлүүлж буй бүх хүмүүсийг хамруулахыг зорьсон байна. Түүнчлэн сургалтад хамрагдагсдыг сургалтын материалаар бүрэн хангаж, сэтгэл санааны дэмжлэг, туслалцаа үзүүлж ажиллажээ.
Тодруулбал, тус төвд эмчлүүлж байгаа нийт 140 гаруй эмчлүүлэгчдэд сэтгэцийн эмч З.Цэндсүрэн “Архины хэрэглээ ба эмгэг”, “Архинд донтох эмгэг ба эмчилгээ” зэрэг сэдвээр сургалт явуулсан бөгөөд дээрх сэдвийн хүрээнд эмчлүүлэгч нартай харилцан ярилцаж, архинд донтох шалтгааны талаар санал солилцсоноос гадна сургалтад хамрагсдын хүйс, насаар нь хэд хэдэн бүлэг болгож, хүлээн авч уулзсан байна.
Тус ярилцлагаар эмчлүүлэгч нарт амьдралын шинэ зорилготой болох дэм өгсний зэрэгцээ 7 хоног бүр тогтмол уулзах цаг гаргаж бие биенээ урамшуулах, архины хамаарлаас гарч байгаа үр дүн, явцаа бусадтай хуваалцах зэргээр архинд донтох эмгэгээс гарах арга замын талаар ярилцсан нь үр дүнтэй болжээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ