Доналд Трамп Ким Чен Унтай уулзахыг хүсч байна

АНУ-ын Ерөнхийлөгч Хойд Солонгосын удирдагч Ким Чен Унтай уулзахыг хүсч буйгаа өөрийн “Твиттер” хуудсандаа мэдэгджээ. Тэрээр, “Би ч гэсэн Хойд Солонгосыг эдийн засгийн ямар гайхалтай нөөц бололцоотойг ойлгож буй Ким даргатай уулзахыг хүсч байна” гэж бичсэн байна.
Үүнээс өмнө Ким Чен Ун шинэ жилийн босгон дээр телевизээр үг хэлэхдээ, АНУ-тай дээд хэмжээний уулзалтыг хэзээ ч хийхэд бэлэн гэж мэдэгдсэн билээ. Гэхдээ Вашингтон элдэв хориг арга хэмжээгээр дарамтлан Пхеньяны тэвчээрийг барагдуулахгүй нөхцөлд л уулзалт болох боломжтойг онцолсон юм.
Хойд Солонгосын удирдагч АНУ-д хандан Солонгосын хойгийг цөмийн зэвсгээс ангижруулах хариу арга хэмжээ авахыг уриалжээ. Ким Чен Ун түүнчлэн Өмнөд Солонгос руу стратегийн зэвсэглэл оруулахгүй, Хойд Солонгосын эсрэг чиглэсэн хээрийн сургууль хийхгүй байхыг уриалсан юм.
Б.Туг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ