Мартаар 140 жолооч согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон зөрчил бүртгэгджээ

Өнгөрөгч баяр, амралтын өдрүүдэд Тээврийн цагдаагийн албанд нийт 668 дуудлага, мэдээлэл бүртгэгдсэнээс зам тээврийн ослын шинжтэй 452 дуудлагыг хүлээн авч шалгасан байна.
Ослын улмаас нийслэл хотод 17 хүн гэмтэж бэртсэн бол орон нутагт 5 хүний амь нас хохирчээ.
Гарсан зам тээврийн ослын 11 нь явган зорчигч мөргөж гэмтээсэн, 19 нь мөргөлдөх хэлбэрээр, онхолдох хэлбэрээр 5 осол тус тус бүртгэгдсэнийг шалгаж байгаа аж
Тухайлбал, энэ сарын 8-ны өдөр Говьсүмбэр аймгийн Баянтал сумын нутагт асфальтан замд T.Pruis маркийн автомашин онхолдож, зорчигч 7 настай, эмэгтэй Э-н амь нас хохирч, жолооч 18 настай Б, зорчигч 41 настай С нар гэмтсэн, ХУД-ийн нутаг дулааны цахилгаан станц-3 замд T.Pruis-20 маркийн автомашин нь T.Pruis-11, T.Pruis-20 маркийн автомашинуудтай мөргөлдөж, дотор нь зорчиж явсан 2,3,6 настай 3 хүүхэд гэмтсэн хэргүүдийг тус тус шалгаж байгаа юм байна.
Мөн алба хаагчдаас гудамж замд хийсэн хяналт шалгалтын үеэр согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 268 жолоочийг илрүүлэн хуулийн дагуу хариуцлага тооцсон ба 52 хувь нь буюу 140 нь ОУ-ын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөр бүртгэгдсэн байна. Энэ нь энгийн өдрүүдээс нэг дахин их тоо аж.
Түүнчлэн төмөр замын гарам дээр ноцтой 2 осол гарч, 2 хүний амь нас хохирсон бөгөөд уг ослууд нь явган зорчигч дайрагдах хэлбэрээр гарсан осол эзэлж байна.
Тодруулбал,
2019.03.08-ны өдөр 21.00 цагийн орчим Төв аймгийн Сэргэлэн сум Баянбүрд 1-р баг Төмөр замын 467-р км-н 4-р зуутад ачааны галт тэргэнд Архангай аймагт оршин суух, 54 настай, эмэгтэй Д дайрагдаж амь насаа алдсан,
Сэлэнгэ аймагт Тоёота Axio маркийн автомашин гарамгүй газар хориг хашааг дайрч улмаар төмөр замын хоорондын замд явсан 3503-р галт тэргэнд мөргүүлсэн ба галт тэрэг яаралтай тоормос хийж зогссон тул ослын улмаас хүний амь нас эрсдээгүй байна.
Энэ мэтчилэн явган зорчигч, тээврийн хэрэгслийн жолооч нар төмөр замын гармаар хөндлөн гарахдаа амжиж гарч чадна гэдэг байдлаар хөнгөмсөгөөр найдаж, анхаарал болгоомжгүй хөдөлгөөнд оролцсоны улмаас амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгөөрөө хохирох эрсдэлтэй байдаг тул хаалт, гэрэл болон дуут дохио ажиллаж байгаа, галт тэрэг ойртон ирж байгаа тохиолдолд гармын өмнө хүлээж өнгөрүүлэх, анхаарал болгоомжтой хөдөлгөөнд оролцохыг зөвлөж байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ