“Ясан хуягт мэлхий их далайг зоримой”

Сэтгүүлч, орчуулагч Ж.Нэргүйн өөрийнх нь тодотгосноор задгай голдуу нийтлэлүүдээ эмхлэн боосон “Ясан хуягт мэлхий их далайг зоримой” хэмээх номын шинэхэн будаг хатаж амжаагүй байна. Зохиогч энэхүү номоо “ердөө л шууд боочихъё” хэмээн уржнангаас бодох болжээ. Орчлон хорвоог орчуулга хийсээр орхилтой биш, ямар. “Сэтгүүлч, сурвалжлагч гэж сээхэлзээд л, нээг их юм бичээд л байсан, бичээд л байсан. Гэтэл хоёр жилийн дараа ч байна уу, 20 жилийн дараа ч байна уу, үхэхийнхээ цагт үр хүүхдүүдийнхээ гар дээр үлдээх үнэ цэнэтэй юм маань юу билээ гэж боджээ. “Баахан навсархай сонины хуудаснууд үлдээлтэй биш, новш л болохын нэмэр. Ном болгоод боочихвол ядахнаа бусдад зарахаар бариад очиход нь авсаархан юм” хэмээн андуурлаа хааж. “Үйл явдлын усан зохиолууд бичсэнээс энэ нь хойшдоо хэрэгтэй юм даа” гэж үймэрсэн сэтгэл нь ч чангарчээ. Ингэж энэ ном бүтсэн товчхон түүхтэй.

“Эзэн сүлд” компанид эхийг бэлтгэж хэвлэсэн “Ясан хуягт мэлхий их далайг зоривой” номын задгай голдуу нийтлэлүүдээс “Ундны минь усаар бетон битгий зуураач!” нийтлэлийг нь уншигч танаа өргөн барьж байна. Яагаад гэвэл Ж.Нэргүй усан хангамж, ариутгах татуургын техникч-технологич мэргэжилтэй хүн. МСЭ-ийн “Ган үзэгтэн” шагнал, МЗЭ-ийн шагнал, сэтгүүл зүйн шилдэг бичлэгийн Ц.Балдоржийн нэрэмжит шагналыг тус тус хүртсэн. “Атлантын нуруу тэнийв”, “Капитализмыг өмөөрөх нь”, “Кремлийн эзэгтэй”, “Домогт Барон”, “Хүн, араатан, бурхад” гээд дэлхийн 20 шахам шилдэг зохиолыг орчуулснаар нь монголчууд андахгүй.

УНДНЫ МИНЬ УСААР БЕТОН БИТГИЙ ЗУУРААЧ!

Нэгэн зүйл. Уянгын ухралт

“Ус чи өнгө ч үгүй, амт ч үгүй. Чамайг шүлэглэн магтаж, дүрслэн зурж болохгүй. Чамайг амьдралд хэрэгтэй гэж хэлж болохгүй, яагаад гэвэл чи өөрөө амьдрал ажгуу” хэмээн Францын нэрт зохиолч, сэтгүүлч, нисгэгч Антуан де Сент-Экзюпери (1900-1944, “Нялх жонон”, “Хүн гариг”, “Шөнийн нислэг” зэрэг бүтээлүүдээрээ алдаршсан.) бичсэн байдаг. Байлдааны алсын нислэгийн тагнуулын онгоцтойгоо гурван ч удаа осолд орж (1944 оны долдугаар сарын 31-нд Атлантын далайд онгоцтойгоо живснийг нь 1992 онд л олж тогтоосон.), Сахарын элс, далайн шорвог ус хоёрын аль, алиныг амссан тэр агуу хүн юуны тухай бичихээ, тэр тусмаа усны тухай юу бичихээ сайтар мэддэг байсан нь аргагүй ээ.

Тэр их хүний энэ агуу үгсийг аль дивангарын 1981 онд Чойбалсан хотын Ус Сувгийн товчооны ерөнхий инженершүү санаатай юм нь байхдаа чадан ядан монголчилж, томоос томоор бичүүлээд нэгдсэн усан хангамжийн насосны төв станцын (Хоногт 10 мянган тонн усыг их хот руу гаргаад цацчихдаг “мангас” байсан юм.) машин танхимын адраас дүүжлүүлсэн маань эдүгээ ч хэвээрээ байж мэднэ. Тэр санаачлагыг анх гаргасан тухайн үеийн Дорнодын Ус сувгийн товчооны Цэвэр усны ангийн дарга Ц.Өлзийбаатар маань “Ийм юм харсан ямар ч машинист, тоног төхөөрөмж, шугамын засварчин хүн эрхэлсэн ажилдаа ээжийгээ асарч байгаа хүү шиг л хандах ёстой” гэж эргэцүүлж л дээ. Коммунизмын өрнөл жилүүдийн үзэл суртлын алдар цуутай олон уриа лоозонгуудын оронд тийм юм харсан ямар ч намын дарга загнадаггүй л байсан юм даа! Ус! Хэнд ч нууцаа үл дэлгэх агуу гайхамшигт эрдэс! Өдөр бүхэн гар дээр минь бөнжигнөж, өглөө бүхэн хоолой руу минь урсаж, хир хурнаас салгаж, хээнцэрлүүлэн тэтгэх агуу нууцлаг учраас л тэр нууцыг нь задлачихвал хүн төрөлхтөн өөрөө сүйрчих ч байж магадгүй!

Усгүйгээр амьд явж чадахгүйгээ сайн мэдэгч, басхүү усаа шүтсэндээ л амьд явагч, усаа үл тоомсорлогч, ихэмсэглэн “сүйтгэгч” (!), хар ус харамлагч молхи найрагч миний бие тэртээ 20-иод жилийн өмнө “Уулын булгийн усанд шивнэх үгс” /буюу “Цангаагаа тайлсны дараах үг”/ хэмээх нэгэн шүлэгтээ ийм хэдэн мөр хэлхжээ:

“Уулаа таныг, уужирлаа.

Урт удаан цангаа гарлаа.

Урдуур минь, хойгуур минь, хаа сайгүй

Урсаж байхад чинь тоодоггүй байжээ.

Уучлаарай.

Уулаа таныг, уужирлаа.

Уртын сайхан дуу аяллаа.

Дуулаад, дээгүүр чинь

Алхаад гарлаа.

Уучлаарай.”

“Усаа тахих” хэмээх нэгэн зүйл.

Гэвч уянгын ухралтаа хойш тавиад усаа “үл тоомсорлохуй”-н хэдхэн “илүү үг” хэлсү. Монгол бол усны орон байлаа гэдгийг бид мэднэ ээ. Ёстой л урдуур минь, хойгуур минь хаа сайгүй урсдаг байлаа. Булаггүй хавцал, горхигүй жалга, намаггүй хөндий байдаггүй байлаа. Хангай газарт бол худаг гэдэг юмыг бараг мэддэггүй байлаа. Хөлдүү цагаар худаг гаргах хэрэггүй, булгийн халиагаар л малаа услачихдаг байлаа. Лав л манай Хэнтий аймгийн Норовлин суманд. Тэр ч бүү хэл, Монголдоо нэг юмаараа хамгийн онцгой содон нэгэн гол манай Норовлингоос эх авдаг нь “Хавтгай цагаан” Улзын гол! Угалзран урсдаг Улз минь! Дэрэн дороос минь дэлбэрч тэртээ холын газар луу тэмүүлсэн Их Усун минь! “Мянганы газар, мянганы газар” хэмээн толиотон жирийвч Монголоосоо гараад явчихдаггүй, Монголынхоо хамгийн нам дор газар орших Хөх нуурт очиж цутгаад хөвхөлзтөл нь ганцаараа сэлбэж байдаг Улз минь. Хөх нуур хэдийгээр хамгийн нам дор оршдог ч гэлээ тогооных нь ёроолд ундарч байдаг өөрийн гэсэн булаггүй болохоор ганцхан “Хавтгай цагаан Улз”-аар минь сэлбэгддэг юм гэнэ лээ. Хөх нуурын эрэг дээр тахилгын овоо байдаггүйг бодоход уг нуурыг тэжээдэг амьд булаг ёроолд нь байдаггүйнх. Тиймийг нь ч тектоник судалгаа баталчихсан юм гэсэн.

Хавтгай цагаан Улзын минь хамгийн онцгой содонг нь одоо хэлье. Ямар ч том голууд уулын хавцал, суга, бэлийн жалгаас булаг төдийхөн дэлбэрээд их мөрөн болдог бол миний Улз гол ердөө л цагаан талаас мэлийтэл гарч ирээд халиатчихдаг юм. Түүнийг нь Улзын Эхэн бүрд гэдэг. Цагаан талыг дэлбэ татаад гараад ирдэг өөр ийм том гол Монголд л лав байдаггүй юм. Бага байхад минь олигтойхон аадрын дараа Улзын эхэн бүрдээс 10 хүрэхгүй модны зайд усных нь түвшин ихсээд, морины хондлой давчихдаг байсан. Харин Улз маань эдүгээ багасаж эхэлж байна лээ. Түүнээс болоод Хөх нуур бас багасаж байгаа гэнэ лээ.

Өнөөх муу нэртэй, луу данстай алт, малтны уурхайнууд (ордууд) Улзын минь Эхэн бүрд хавьд байдаггүйд би баярлаж явдаг. Хэрвээ тийм ордууд байсан бол “Алтай, Хянганы завсар атар баялаг нутаг” хэмээн хөөрцөглөж байсан социализмын үед ч би хараах л байсан. Яагаад гэвэл мөхөс бичээч би техникийн мэргэжлийн хүн. Ус “хаанаас ирдэгийг”, яагаад багасдагийг гадарлахтайгаа бус, “доторлохтойгоо” хүн. Хэрвээ Улзын маань Эхэн бүрд хавьд нэг тийм орд олдчихвол ирээдүйд Оюу толгой шиг ч юм болохыг яаж мэдэхэв. Газар хөдлөөд, өнөөх олон гүний хонгилуудыг нь хугачаад, нугачаад хаячих ч юм бил үү? Уг нь дээр үед “Оюу толгой” гэж биш, “Аюу толгой” гэж нэрлэдэг байсан гэсэн домог буй. Зэс толгойтой шар нохойн ам юм гэсэн. Уурлахаараа зэс толгойгоо бяц савах юм гэсэн. За түүнийг ч яахав, харанхуй бүдүүлэг ардуудын хамаа намаагүй мухар сүсэг хэмээн тооцох уу даа!?

Ус бузартахаараа багасна, тэр ч бүү хэл бүр ширгэнэ. Бузартана гэдэг нь бохирдоно гэсэн үг. Бохир муусайн “сүг сүүдрүүд”, “зэтгэрүүд” булгийн тархинд орчихоор нэг бохирдоно. Хир, хор, баас, шээсээ хийчихээр нэг бохирдоно. Социализмын үед “Хонь угаах ваань” гэж нэг юмаа заавал гол, горхины дэргэд аваачиж барьдаг байлаа. Хонио хамуурахаас сэргийлэн угаахын тулд. Ураны хаягдлаас ч илүү хортой, байгаль дээр хэзээ ч арилж үгүй болдоггүй, хонь угаадаг химийн бодис -“дуст” (ДДТ буюу дихпордифенил - трихлорэтан) гээч юмаар мөн ч их бохирдуулсан даа. Тэгснээр өнөөх жаахан голууд нь эхэр татаад усаа хураачихна. Нулимс унагамаар. Яагаад гэдгийг нь Лусын хаан л мэднэ.

Бас хүний цуснаас бузартана. “Нэг муу мангар амьтан халуун өдөр хонь угааж байгаад өргөстэй төмөр утсанд хөлөө урчихаж. Улаан цус нь цуваад эхлүүт ухасхийн очоод булгийн тархинд хөлөө дүрчихсэн юм. Шөнө нь “Хоржигнохоо байчихлаа” гээд нэг өвгөн гаслаад байсан, өглөө нь босоод харсан чинь нээрээ ширгэчихсэн байсан” гэж мөн л ус, сувгийн мэргэжилтэн, өдгөө бол Дорнодын Сэргэлэнгийн малчин Ц.Өлзийхутагийн маань харамсан ярьж байсан нь санаанаас үл гарнам.

Ус бохирдохоороо үхнэ. Гомдоно. Гомдохоор нь аргадах ёстой. Эхэн булаг дээр нь, булгийн тархин дээр овоо босгож, тайлга тахилга үйлдэж аргадах ёстой гэдэг. Зөвхөн тархин дээр нь ч биш, зуур замд нь ч мөн адил. Зуураас нь сэлбэж байгаа гол, горхинууд ямар ч бузар юм аваачаад оруулчихаж мэднэ шүү дээ. Даанч харамсалтай нь, уулс, хайрхадынхаа эзэн савдгийг аргадан жил бүр наадаж цэнгэн, тайж тахидаг өнөөх айхтар ард түмэн маань усны тахилга хийх нарийн зан үйлийг олигтой сурч чадаагүй бололтой. Хэрлэн голд л гэхэд Эхэн бүрдэд нь, Багануураас дээхэнтэй, Дорнодын Хутаг уул хавьд, Халх Таван уул хавьд нижгээд тахилгын овоо байсан гэх авч сэргээсэн нь үл дуулдана. Усархуу зун Дорнодын Хөлөнбуйр сумын зүүн хойно байдаг Зүүн, Баруун Дөрөө хэмээх асар том хоёр хотгорыг дүүргэдэг байсан Хэрлэн минь жил ирэх бүрий багассаар л.

Одоо харин шинжилгээний дуран авайнууд Бурханы мэлмий шиг хүчтэй болсны учир Япон тэргүүтэй энд тэндхийн эрдэмтэд ус хэрхэн “гомддог”-ийг хүн төрөлхтөнд бүр өнгөтөөр харуулах болсон нь сайн ч, түүнийг нь тоодог хүн байдаг эсэхийг бүү мэд. Тоолгохын тулд айлгах, айлгахын тулд шашны сүсгийг л ашиглах хэрэгтэй мэт. Жил ирэх тусам нийтээрээ харгисшсаар байгаа хүн төрөлхтнийг шашнаас өөр айлгадаг юм байхаа больсон болохоор ингэж хэлэв, би.

“Усаа хямгадах” хэмээх нэгэн зүйл.

1998 онд “ЗМ” сонинд ажиллаж байхдаа нэг “уур хүрээд” “Ундны минь усаар бетон битгий зуураач!” гэсэн асуудал дэвшүүлсэн үгүүлэл бичиж нийтлүүлснээ эргэн саналаа. Тэгэхэд би цэвэрлэх, ариутган халдваргүйжүүлэх зэргээр өндөр зардал гаргуулан байж хэрэглэгчдэд очдог жинхэнэ цэвэр усыг минь хямгадаач гэсэн утгаар бичсэн. Миний бүтээл бол миний л өмч юм болохоор тэр нийтлэлийн гарчгаа дахин авахаас аргагүйд хүрлээ. Харин одоо цагт бол зардал юу ч биш, гагцхүү усныхаа нөөцийг бодолцооч гэж л хашгирмаар байна. Ууж болох дээд зэргийн чанартай усаар л гар, нүүрээ угааж болох ёстойг бид андахгүй. Заавал ундны усаар ялгадсаа хөөж гаргах гээд яахав гээд жорлонгийн усны шугамыг тусад нь хийнэ гэвэл манайдаа л бүтэхгүй. Харин шороон ордын алт, мөнгө мэтсийг өндөр даралтын усаар хөөж ялгах ч юм уу, ноос угаах, автомашин угаах, бетон зуурах, мод услах гэх мэтэд өнөөдрийн тэр онгироод байгаагаараа, “Бохир цус цэвэрлэгээний станцад маш сайн цэвэрлэгдсэн” усаа хэрэглэх технологийн алсын бодлогоо одооноос төлөвлөөч гэхийг хүсэв. Газрын гүнээс хэдийчинээ их цэвэр ус сорж байна, төдийчинээ ихээр нөөцийг нь багасгаж, хөрсөн дорхи вакуумыг төдийчинээ ихээр үүсгэнэ. Ил эх үүсвэртэй үйлдвэрийн усан хангамжийн систем гэдэг юмыг миний мэдэхээс л лав НААҮЯ гэж байсан үеэс 40 жил ярилаа. Хөрсний цэвэр усаа дээр дурдсан “бүдүүн борог” хэрэгцээнд гаргаж хаясаар байгаа мөртлөө “Монголд нанотехнологи оруулж ирлээ” гээд байгаа хоосон сагсуу агентлагуудаа яах вэ? Үйлдвэрийн усан хангамжийг байтугай, үйлдвэрийн ариутгах татуургаа ч тусгаарлачихаж чадахгүй байж шүү дээ…

Дээхэн үед “Хөдөөнөөс хотод ирсэн нэг хүүхэд крантнаас ус гоожуулан нүүр, гараа угаахдаа ус нь дуусчихна гээд булхах төдий болсонд эзэн айлынх нь хүүхэд наадхи ус чинь дуусдаггүй юм аа гээд их шоолж гэнэ” гэсэн шог үгүүллэг байдаг байлаа. Тэр үед ч яахав дуусдаггүй л байж. Одоо бол харин шугамын ус дуусдаггүй юм аа гэхэд усных нь тоолуур гүйгээд мөнгө болоод бохир усны шугам руу орчихдогийг хүүхэд бүр мэдэх болохоор хөдөөний хүүхдийг шоолох нь больсон байх. Мөнгө гэдэг л хамгийн том “дарга” юмсанж. “Амьдрал хайр дээр тогтдоггүй, амьдрал мөнгөн дээр тогтдог” юмсанж. Үеийн үед л тийм байсан, байх ч бололтой. Харин цэвэр усны нөөц хомсдож байгаа өнөө цагт усны тоолуур гэдэг АВРАГЧ л үлджээ. Хэрэглэх усны хэмжээ тоолуурын ачаар жил ирэх тусам багасаж байгаа гэдгийг нотлохын тулд тоо баримт дурдах хэрэггүй. Тиймээс төвлөрсөн, төвлөрөөгүй аль ч системийн шугамын бүх хэрэглэгчдийг тоолууржуулах нь хүн шалдан явдаггүйтэй агаар нэгэн адил чухал байх ёстой бололтой.

Тэгвэл өнөөдрийн Монголын томоохон суурин газруудын “тоолуургүй усан хангамж” буюу захын дүүргүүдийн усан сан, ус түгээх цэгээр хангагдаж байгаа айлуудад ус хэмнэх ямар “тулгалт” байж болох вэ? Ердөө л усны үнийг нэмэх. Гүйцээ! Усыг хэрэглэгчдэд ойртуулж байна гээд их ажил удан машинаар зөөвөрлөн аваачихаа больж, хаа сайгүй төвлөрсөн шугам тавьж, усан сангууд барьснаар усыг хамаа намаагүй хэрэглэх нэг боломж бүрдсэн. Энэ нь буруу ч гэлээ, хүн л юм болохоор усаар нь боож болохгүй. Ельцин биш дээ ямар. ОХУ-ын Анхны ерөнхийлөгч агсныг хамгийн харгис хүний тоонд оруулахын учир гэвэл, тэр нөхөр Москвад гарсан төрийн эргэлтийн оролдлогын үеэр Думын ордны хэрэгцээний цэвэр усыг хаах тушаал өгсөн байсанд оршино. Ус ууж байгаа араатан амьтныг ч агнахыг хориглодог бичигдээгүй хууль дэлхийн олон ард түмний дунд байдаг атал, мань хүн харин Төрийнхөө ордонд хоргодож байсан хүмүүст (Тэдгээр нь төрийн эсрэг гэмт этгээдүүд байсан нь хамаагүй) ус уухыг хориглодог байна шүү. Хүний хамгийн эрхэм эрх бол УС УУХАД (хамаа намаагүй хэрэглэхэд биш гэсэн логик утга эндээс гарч ирнэ) заяажээ. Тиймээс ус уухыг хориглох эрх хэнд ч байх ёсгүй. “Уу, уу, амаараа гартал уу”, гагцхүү хөлсийг нь л төл! Гүйцээ! Хөлс, хөлсдөө бүр өндөр хөлс шүү.

Хүн бүр саятан биш юм болохоор өндөр хөлс төлж байхгүйн тулд хэрэглээгээ зохицуулж, усаа хямгадаж сурах болно. Тэр хөлсийг нь авах субъект нь Ус, сувгийн товчоо гэдэг газар байна уу, Бурхан гэдэг бодгаль байна уу, хамаа байхгүй.

Хоёрт гэвэл, манай нийслэл хотын ойролцоох хөрсний усны нөөц багасаж байгаа. Дүрслэн хэлбэл, газрын гадаргаас доошоогоо гүний усны түвшин хүртэлх зай ихэссээр байгаа. Яагаад? Энэ чинь дэлхийн дулааралтай хамаагүй ээ. Хамгийн гол шалтгаан нь Туул голын ай савд оршдог аж ахуйн нэгж бүр, арай баявтар айл өрх бүхэн хашаандаа гүний худаг гаргаснаас үүдэлтэй.

Хувийн гүний худагтай (Үүнийг “ганцаарчилсан хэрэглээ” гэдэг) субъектууд усны хэрэглээний хяналтгүй байдгаас гадна тэр худгууд нь олуулаа зэрэг ажиллаад ирэхээр хөрсний усны түвшинг хиймлээр доошлуулдаг. Уг нь хавартаа л доошилдог жамтай эд. Тэгэхээр өнөөх хотын төвлөрсөн усан хангамжийн худгуудад нь ус хүрэлцэхээ больдог.

Иймээс гүний усны ганцаарчилсан хэрэглээг бүрэн хорих шаардлагатай! Хуулиар! Яагаад гэвэл, аливаа хяналтгүй мэргэжлийн бус байгууллага, хувь хүн гүний худгаар дамжуулан гүний, хөрсний усыг бохирдуулах аюултай. Ус бохирдохоороо яадгийг дээр үгүүлсэн. “Гомддог, усаа татдаг” гэж. Тиймээс гүний худаг бүрийг ариун цэврийн байгууллагын хатуу хяналтын дор байлгах, ашиглалтыг нь паспортжуулах ёстой байдаг. Ариун цэврийн дүрэм зөрчсөн даруйд нь уг худгийг хааж ломбодох шаардлагатай байдаг. Зүгээр хаах биш шүү, бүр ломбодох! Ломбодно гэдэг нь өрөмдөлтөөс үүссэн газрын хөрсний давхаргын эвдрэл, гэмлийг эргүүлээд бүрэн цоожилно гэсэн. Ямар ч бороо, цасны ус, нэгэнт хэрэглэгдээд бохирдсон ус байгалийн өөрийнх нь хөрсний шүүлтүүрээр дамжилгүйгээр газрын гүний, хөрсний устай нийлэхгүй байх шаардлагыг хангана гэсэн үг. Үүний тулд цемент, бетон зуурмаг мэтийн өөрөө хатуурдаг бодисоор дүүргээд худгийн тагийг хэд, хэдэн давхар материалаар битүүлж гагнах хэрэгтэй байдаг. Гэтэл ганцаарчилсан хэрэглээнд ашиглагдаж байгаа маш олон худаг ямар ч паспортгүй, мэргэжлийн байгууллагын хяналт, зөвшөөрөлгүй байдгийг би мэднэ. Хотын ойролцоо хаягдсан, онгорхой гүний худгууд ч зөндөө л тааралддаг. Тоо баримтаар албархаад яахав. Энэ бүхнийгээ хатуу хяналтанд авах шаардлагатай гэдгийг л хэлэх гэв.

Манайхан ер нь ихээхэн даварчихжээ. Аливаа хот, суурин газрын цэвэр усны хангамжийн нэгдсэн эх үүсвэрийн худгууд шинжлэх ухааны үндсэн дээр тогтоосон хориотой бүсээр (ариун цэврийн бүсээр) хамгаалагддаг. Дээр нь бас цэрэгжүүлсэн харуул тавьдаг. Тухайлбал, дээхэн үед ариун цэврийн 1-р бүс нь хааш, хаашаа 50 метр, 2-р бүс нь 300 метр хамгаалалттай байсан санагдана. 1-р бүсэд үнээ, ямаа байтугай, хамгаалалтын нохой ч байлгах учиргүй (Газрын хөрс эвдэх, сэндийлэх, ялгадсаар нь дамжаад хөрсний ус бохирдох магадлалтай), 2-р бүс дотор мөн л газрын хөрс эвдэх, сэндийлэх, оршин суух, аливаа үйлдвэрлэл явуулахыг хориглосон байдаг. Гэтэл Цэнгэлдэх хүрээлэнгээс зүүн урагш оршдог нийслэл хотын ундны төвлөрсөн усан хангамжийн эх үүсвэрийн 2-р бүсэд баахан шилтгээн, харш босгочихжээ. Цэвэр агаарт харшаа байгуулахын тулд (тэнд нь дарга, зарц хэн суухдаа гол нь биш) гүний худгийн ариун цэврийн бүсийн дүрмийг өөрчилж, хил хязгаарыг нь дотогшлуулдаг ГЭМТ ХЭРЭГ хийх болжээ. Уг нь эсрэгээрээ байх ёстой баймаар. Тийм зөвшөөрөл өгч, ийм шийдвэр гаргасан хүнийг бол дээхэн үед шууд буудчихдаггүй юм гэхэд, шоронд суулгах нь лавтай байлаа. Нян, микроб гэдэг чинь нийгмийн байгууллаас шалтгаалдаггүй юм. Гэтэл арай л “Худгаа холдуул” гээгүй бололтойг саяхан би өөрийн нүдээр харлаа. Нийслэлийн усан хангамжийг шугам гэдэсний савханцартай болж гэнэ гэвэл би л лав гайхахгүй...

2011.10.11

СЭТГЭГДЭЛ БИЧИХ