Х.Баделхан: Түрээсийн орон сууцаа өмчилж авах журам баталлаа

Барилга хот байгуулалтын сайд Х.Баделхан Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар Түрээсийн орон сууц өмчлүүлэх журам баталсныг хэллээ.
Тэрээр “Орон сууц түрээслэгч иргэд тухайн түрээслэгч байгууллагад хүсэлт гаргаснаар өмчилж авч болно. Үүний тулд урьдчилгаа 30 хувийг төлж, ипотекийн зээлд хамрагдах боломжтой. Мөн тав хүртэлх жилийн дотор түрээсийн орон сууцны төлбөрийг төлөх зарчмаар худалдан авч болно. Журам өнөөдрөөс эхлэн хэрэгжинэ. Өнгөрсөн хугацаанд төлсөн түрээсийн төлбөрийг тооцохгүй” гэсэн юм.
Журамд:
-ТОСК-ийн зээлд хамрагдсан иргэд ч мөн энэхүү хувьчлалд оролцож болно.
-30 хувийг гурав эсвэл таван жилийн дотор төлж барагдуулах зэргээр байр олгож буй байгууллагатай харилцан зөвшилцөсний үндсэн дээр шийдвэрлэнэ.
-Түрээсийн байраа өмчлөх хүсэлтэй иргэд хүсэлтээ ТОСК-т хүргүүлж, гэрээ байгуулна гэсэн үг.
1,512 айлын түрээсийн орон сууц байна. Өөрөөр хэлбэл, эдгээр 1,512 айл түрээсийн орон сууцаа хувьчилж авах боломж бүрджээ.
Түүнчлэн ипотекийн зээлийн талаар салбарын сайд "Ипотекийн зээлийн эх үүсвэрийг хоёр дахин нэмэгдүүлэх чиглэлээр ажиллаж байна. Үүнийг Монголбанк хэрэгжүүлэхгүй байгааг өнөөдрийн Засгийн газрын хуралдаанд танилцуулсан. Энэ онд ипотекийн зээлийн эргэн төлөлтийг Монголбанк хариуцаж байгаа. Ирэх жил Засгийн газар өөрөө хариуцаад явна" гэлээ.
Цаашид түрээсийн орон сууцыг нэмэгдүүлэх тал дээр ажиллах аж. Тодруулбал, Дэнжийн 1000-д БНХАУ-ын буцалтгүй тусламжаар 1,008 айлын байр баригдаж эхэлжээ. Амжвал ирэх сонгуулиас өмнө тус байрыг ашиглалтад оруулах юм байна.
Дашрамд, өнгөрсөн сард гаргасан судалгаагаар 44,000 иргэн урьдчилгаа 30 хувийг төлөөд ипотекийн зээл авах хүсэлтэй байгаагаа илэрхийлсэн байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ